Налайх дүүрэгт энэ сарын 29-ний 08.35 цагт гурван нас долоон сартай эрэгтэй хүүхэд "Нарны элч" өрхийн эрүүл мэндийн төвд маш өндөр халуурч, асран хамгаалагчид нь үзүүлэхээр иржээ. Улмаар, өрхийн эмчийн анхан шатны үзлэгээр менингококк өвчний шинж тэмдэг илэрсэн байна гэж үзэж өрхийн эрүүл мэндийн төвийн машинаар Налайх дүүргийн халдвартын тасагт хүргэжээ. Үүний дараа ХӨСҮТ-ийн тандалтын албанд 10:20 цагт мэдээлж, лабораторид шинжилгээг өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл энэ сарын 30-ний өдөр 17:50 цагт шинжилгээний хариу эерэг гарч менингококк болох нь тогтоогдсон бөгөөд хүүг ар гэрийн хамт тусгаарлалтад авч, ХӨСҮТ-д хэвтүүлэн эмчилж байсан ч өнөөдөр харамсалтай нь үдээс өмнө бие нь дахин хүндэрч, нас баржээ. Тэгвэл Баянгол дүүрэгт мөн нэг сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд өнөөдөр лабораторийн хариуг хүлээж байгаа аж.
ХӨСҮТ-ийн эмч нар мэдээлэхдээ “2024 онд менингококкт халдварын таван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс хоёр тохиолдол батлагдаж, хоёр хүүхэд эдгэрээд гарсан. 2025 онд хоёр тохиолдол бүртгэгдсэнээс нэг нь эндсэн харамсалтай явдал боллоо. Өчигдөр Баянгол дүүрэгт Менингококктын халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.
Лабораторийн шинжилгээний хариуг хүлээж байна. 3-5 насны хүүхэд өртөх нь элбэг. Тархины зөөлөн эд үрэвсдэг, маш өндөр цонхийж цайж халуурдаг. Цусархаг тууралт гардаг. Цусархаг тууралт нь халууралт эхэлснээс хойш 6-8 цагийн дараа доод мөчдөөс гарч эхэлдэг" гэв.
Менингит өвчний шинж тэмдгийг томчууд тээвэрлэдэг бөгөөд гадуур явахдаа маск зүүх, гэртээ ороод ам хамраа ариутгах, хоолойгоо зайлах, хүүхдээ шүлсдэж үнсэхгүй байхыг ХӨСҮТ-ийн эмч нар санууллаа. Мөн агаар сэлгэлт хийх, витаминаар баялаг хоол хүнс идэх, хүүхдийнхээ дархлааг хянахаас гадна өндөр халуурч эхэлсэн тохиолдолд дур мэдэн эмчилгээ хийхгүйгээр эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөв.