ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

З.Энхболдыг цагаатгаж, Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял төлөвлөв

O.Admin
2 цагийн өмнө

УИХ-ын дарга асан З.Энхболд, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарыг албан үүрэг, эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг хамтран үйлдсэн хэмээж ялагдагчаар татан шалгаж байсан билээ. Тодруулбал, 2024 оны гуравдугаар сард анхан шатны шүүхээс тэднийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн ч тэд давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг.

Тэгвэл өнгөрөгч оны есдүгээр сард Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцэхээр болсон. Тэгвэл эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэргийг энэ сарын 02-ноос эхлэн гурван өдөр хэлэлцэв.  

Энэ үеэр шүүгчдэгч Б.Энх-Амгалан дараах байр суурийг илэрхийлэв. Тэрбээр, “Гэм буруугүй хүнийг гэмт хэрэгтэн болгохыг хэлмэгдүүлэлт гэж байгаа юм. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүнд хийгээгүй хэргийнх нь төлөө улс төрийн зорилгоор ял тулгана гэдэг бол улс төрийн хэлмэгдүүлэлт.

Энэ хэрэг бол үүний тод жишээ. Надад бас улс орны гадаад бодлогыг хариуцаж байсан хүний хувьд Олон улсын хүний эрхийн байгууллагад хандаач гэдэг хүсэлт ирж байсан. би тэгж улс эх орноо дэлхийд шившиг болгохыг хүсээгүй. Би тэгж Монгол Улсын ардчиллын зэрэглэлийг бууруулж, зээлжих зэрэглэлээ багасгахыг хүсээгүй. Надад бас зүрх байдаг юм. Би та бүгдэд итгэж байсан. Энэ бүхнийг шалгаад үнэн мөнийг нь гаргаад ирнэ дээ гэж. Маш их итгэсэн ч тийм зүйл болсонгүй. Бид хоёрын энэ хэргийг их олон хуулийн оюутнууд кэйс болгоно доо. Анх нүүрсний хулгайч гэдэгт бид хоёрыг оруулсан.

Хэвлэлээр яваад л. Хүүхэд маань хичээлдээ явж чадахгүй болсон. Нүүрсний хулгайн мөнгөөр хоол авч өгсөн үү гэж ангийнх нь хүүхдүүд гадуурхаж эхэлсэн. Хүнийг ингэж болохгүй шүү дээ. Сүүлдээ З.Энхболд гэж хүн Б.Энх-Амгалан гэж дүүтэй, түүнийгээ улс төрд оруулжээ гэж зохиол хүртэл бичсэн шүү. Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэдэг үг энэ юм байна гэж бодоод сууж байлаа.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад миний гаргасан тайлбар, мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, мэдүүлэг, шүүх хуралдаанд өгсөн баримтуудыг маань нягт нямбай судалж, надад өгсөн хэргийг цагаатгаж өгнө гэдэгт итгэж байна” хэмээсэн билээ. Гэсэн ч хоёр өдөр үргэлжилсэн шүүх хуралдаан өндөрлөж Зам тээврийн сайд, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгаланд хоёр жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах ял ногдуулж, шүүх бүрэлдэхүүн эцсийн шийдвэр гаргахаар завсарлажээ. Харин ЕТГ-ын дарга асан З.Энхболдыг гэм буруугүй буюу цагаатгах нь зөв гэж үзлээ.