ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хуулийн салбарын алба хаагчдыг Польш улсад сургалтад хамруулна

O.Admin
2 цагийн өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр (2025.02.05) Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойкотыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл энэ онд Монгол Улс болон Бүгд Найрамдах Польш Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буйг онцлоод хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжиж, шинэ шатанд гарч байгаа энэ үед Хууль зүйн салбарт хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ.

Ноён Элчин сайд мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд Төрийн тэргүүнүүдийн албан ёсны харилцан айлчлал өндөр хувь нэмэр үзүүлж буйг дурдаад, хууль зүйн салбарт хамтран ажиллах саналыг таатай хүлээн авч байгаагаа илэрхийлсэн.

Түүнчлэн талууд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдыг Бүгд Найрамдах Польш Улсын Калиш хотод хорих байгууллагын богино хугацааны сургалтад хамруулах болон хоёр орны цаашдын харилцаа, хамтын ажиллагаа, салбарын бусад асуудлаар нээлттэй санал солилцлоо.

Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, УИХ-ын гишүүн бөгөөд УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал нарын төлөөлөл байлцав.