ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын талаар хэлэлцүүлэг болов

O.Admin
2 цагийн өмнө

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газартай хамтран “Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2025.02.05) зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэг нь мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлын устгалын ажлыг байгаль орчинд хор хөнөөл багатай, оновчтой, үр дүнтэй зохион байгуулах арга замыг судлах, энэ төрлийн ургамлыг хууль бусаар ашиглах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх, төрийн байгууллага болон эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.

Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, Төв, Сэлэнгэ, Булган, Орхон, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар зэрэг төрийн байгууллага, Шинжлэх ухааны академийн Ботаникийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, МУИС, ШУТИС, ХААИС зэрэг боловсролын байгууллагын 50 орчим төлөөлөл оролцож, цаашид устгал арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах ажлыг төлөвлөн хэрэгжүүлэхээр боллоо.

Мөн Нийслэлийн ГХУСАЗСЗ-ийн Ажлын албаны дарга М.Мөнгөншагай, Орхон аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Д.Мөнхбат, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Бат-Орхон, Булган аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Ш.Насандулам нарын төлөөлөл оролцов.