Хоёрдугаар сарын 05-ны өдөр 12.00 цагийн орчим Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт сэтгэцийн өвчтэй этгээд гэрт нь дагаж орж, 48 настай О гэгчийн амийг хөнөөсөн гэх хэрэг бүртгэлийн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тодруулбал, хохирогчийн төрсөн дүү нь "Ахыг минь сэтгэцийн өвчтэй эмэгтэй алчихлаа” хэмээн хэвлэлд ярьсан байсныг бид хүргэсэн. Тэгвэл энэ хэрэгт цагдаагийн байгууллагаас албан ёсны тайлбар өглөө.
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга, Цагдаагийн Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр хэлэхдээ “Хоёрдугаар сарын 05-ны өдөр 12.00 цагийн орчим Хан-Ууд дүүргйн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлагын дагуу дүүргийн цагдаагийн I хэлтсийн алба хаагчид очсон байгаа. Дуудлагын дагуу очиход тус дүүрэгт оршин суудаг 48 настай иргэн О нас барсан нөхцөл байдал тогтоогдсон.
Нас барсан иргэнтэй хамтран амьдрагч Н мөн хамт байсан. Хэргийн газрын үзлэг шалгалтыг хийсэн. Ар гэрээс өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлсэн байна лээ. Хохирогч тал буюу ар гэрийнхнээс гаргасан хүсэлтийн дагуу нас барсан шалтгааныг тогтоох шүүх шинжилгээг өнөөдөр авлаа. Хохирогчийн ар гэрийн төлөөлөл болох ээж, ах, дүү нь оролцсон. Урьдчилсан байдлаар хохирогчийн биед ил харагдах шарх байгаагүй. Шалтгаан нөхцлийг тогтоосон шүүх шинжилгээний хариу гарсны дараа тодорхой болно” гэв