ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

О.Одбаяр: Миний ах эгч 200 сая төгрөг аваагүй, биднийг тайван орхиод өгөөч

O.Admin
4 цагийн өмнө

Угаарын хийн хордлогын улмаас гэр бүлээ алдсан О.Одбаяр хүү өнгөрөгч пүрэв гарагт мэдээлэл хийж, ээж, дүү нарынхаа амь насны төлөө хариуцлага нэхнэ гэдгээ хэлж, хуульч өмгөөлөгчийн зөвлөгөө тусламж авахыг хүсэж буйгаа хэлсэн бөгөөд энэ дагуу “Монголын өмгөөллийн холбоо”-ноос түүнд тусламж үзүүлэхээр болж гэрээ байгуулжээ.

Тэгвэл залуу хүүг Төрийн ордны гадна мэдээлэл хийсний дараа нагац ах эгч хоёрыг нь Х.Нямбаатараас 200 сая төгрөг авсан гэх мэдээлэл цацагдаж, улмаас ах эгчийг нь ална, амийг чинь хорооно гэх мэт сүрдүүлэг ирэх болсон учраас өмгөөлөгчийн хамт өнөөдөр гарч ирж, олон нийтэд мэдээлэл өглөө.

О.Одбаярын өмгөөлөгч М.Хандармаа хэлэхдээ “Хүүгийн болон нагац, ах эгчийнх нь амь насанд заналхийлсан дуудлага их ирж байна. Хүүг хамгаалах гэсэн хүмүүсийг гүтгэж болохгүй. Буруу, зөрүү ярьчих вий гэж тэд хамгаалсан. Өнөөдөр хүүд зөвхөн нагац ах, эгч нь үлдсэн. Дүүгээ яриулахгүй байна, мэдээлэл өгүүлэхгүй гэж улайрлаа, мөнгө авсан гэх мэтээр гүтгэж эхэлсэн. Мөнгө авсныг яаж нотолж байгаа юм бэ. Буруу, зөрүү ярьж дараа нь өөрөө, өөрийгөө юманд хутгах вий гэж бодсон юм билээ. Цагдаагийн байгууллагаас хүүтэй ерөөсөө яриагүй байхад хөтөлж асуусан юм байна лээ. Хөтөлж асуусан асуултаа болсон мэтээр ярьж, сайтуудаар мэдээлэл түгээсэн нь буруу.

Цагдаагийн байгууллагаас хүүтэй ерөөсөө яриагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна. Хүү хандив авна гэж огт хандаагүй шүү. Хуулийн дагуу өмгөөлөгчдийн баг ажиллаж, гэм буруутай хүмүүсээс гэм буруугийн төлбөр авдаг гэдгийг ойлгоорой. Гэр орондоо тайван байх нөхцлийг бүрдүүлж өгмөөр байна. Хүүг гэрт нь тайван байлгаад өгөөч ээ. Шөнийн 02.00 цагт яриа авах гэж сэтгүүлч залгана гэдэг юу гэсэн үг вэ. Та нар ах дүү хамаатан саднаас нь хүртэл салгаж, хэн ч биш болгох гээд байгаа юм уу. Ах дүү нарыг нь үгийн муугаар хэлж байна шүү. Яриа хөөрөө авах гээд байгаа сэтгүүлч нар больчих. Дараагийн сэдэв рүүгээ ор. Бид шүүх шинжилгээний дүгнэлт гарсны дараа хүүд өмгөөллийн туслалцааү үзүүлээд явна” гэлээ.

Хүү харин “Улс төрийн сэдэв болгоод байна аа. Миний ах, эгч 200 сая төгрөг аваагүй шүү. Миний ах эгч намайг хамгаалах гэсэн юм шүү. Ээжийн маань эгчийн хүүхдүүд байсан юм. Ямар ч мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. Нэг ах намайг 20 сая төгрөг өгье. Талбай дээр хамт зул өргөе гэж залгасан. Би гэртээ зул өргөж байгаа. Гэр орныг маань харуулсан, гэрийн гаднаас холдчихмоор байна. Эцсийг нь хүртэл хуулийн дагуу явна" хэмээв.