ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын гишүүн Ө.Шижир Ерөнхий сайдад асуулга тавив

O.Admin
5 цагийн өмнө

2025 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр УИХ-ын гишүүн Ө.Шижир Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын үр өгөөжийг ард түмэнд хүртээх, төрийн мэдлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар асуулга тавилаа.

Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчим, Ашигт малтмалын тухай хуулийн 5.1, 5.4, 5.5, Үндэсний баялгийн сангийн 11.1.2 дахь заалтуудад тусгагдсан төр нийтийн өмчийн асуудлууд, байгалийн баялгаас ард иргэдэд үр өгөөж хүртээх бодлогын хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдаас тодруулга хүсчээ.

Монгол Улсын Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар Монголчууд байгалийн баялгаа Үндсэн хуулийнхаа дагуу хөгжингүй орнуудын жишгээр ухаалаг зарцуулж, өгөөжийг нь шударга хүртэх эрхзүйн орчин бүрдсэн. Энэ бол олон жилийн туршид ард түмний хүлээсэн том амжилт бөгөөд авлигын тогтолцооны эсрэг тэмцлийн нэгэн ялалт байсан гэж УИХ-ын гишүүн Ө.Шижир үзэж байгаа аж. Түүнчлэн 2007 онд УИХ-ын 27 дугаар тогтоолоор 16 ордыг стратегийн ордод хамруулж, нэмэлтээр 39 ордыг стратегийн статустай болгох чиглэлийг Засгийн газарт өгсөн байдаг. Гэвч уг тогтоол хэрэгжээгүйгээр барахгүй, стратегийн ордуудаа алдаж эхэлсэн талаар тэрбээр дурджээ.

Тухайлбал:

-2008 онд С.Баярын Засгийн газар Ухаахудаг ордыг Энержи Ресурс компанид шилжүүлсэн.

-2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар Тавантолгой ордыг гадаадын компанид 100 жилээр ашиглуулахыг завдсан. Одоогийн байдлаар 16 стратегийн ордын 9 нь төрийн эзэмшилд ороогүй байна.

-Энэ бүх ордууд Үндэсний баялгийн санд төвлөрч, нийт Монголчууд өгөөжийг нь хүртэх учиртай байсан ч өнгөрсөн хугацаанд улс төрийн шийдвэрүүдийн нөлөөгөөр энэ зарчим алдагдсан гэж УИХ-ын гишүүн Ө.Шижир үзэж буйгаа илэрхийлжээ.