ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Лу.Гантөмөр: Мэдлэг, ур чадвар бол Монгол Улсын 15 дахь мега төсөл

O.Admin
5 цагийн өмнө

Эдийн засгийн хөгжлийн сайд Лу.Гантөмөр “1000 Инженер” төслийн хүрээнд бэлтгэгдсэн эрдэмтэн судлаач, инженерүүдтэй уулзалт хийжээ. Тэрбээр, энэхүү төслийг Боловсрол, шинжлэх ухааны сайд байх үедээ санаачлан, 2014 оноос “Инженер, технологийн дээд боловсрол” буюу 1000 инженер төслийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. 

Өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, багшлах хүний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчин чанарыг сайжруулах зорилготой тус төсөл нь Коосэн, Бакалаврын хамтарсан хөтөлбөр болон Хамтарсан судалгаа гэсэн үндсэн гурван чиглэлээр хэрэгждэг. Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль болон Хөдөө аж ахуйн их сургуулийн инженер, технологи, байгалийн ухааны салбарын багшлах хүний нөөцийг бэлтгэх, чадавхыг сайжруулах зорилготойгоор 12 дах жилдээ амжилттай хэрэгжиж байгаа аж. 

Лу.Гантөмөр сайд хэлэхдээ "Өнөөдөр Япон Улсын их сургуулиудад магистр, докторын сургалтын хөтөлбөрт хамрагдан суралцаж амжилттай төгссөн залуу эрдэмтэн судлаачдын төлөөллүүдийг хүлээн авч, засгийн газраас хэрэгжүүлж буй мега төслүүд болон шинжлэх ухааны салбарын талаар мэдээлэл солилцлоо. Санаачилсан ажил минь амжилттай хэрэгжиж үр дүн нь ур чадвараар баталгаажиж байгааг харах сайхан байдаг. Мэдлэг, ур чадвар бол Монгол Улсын 15 дахь мега төсөл юм аа" хэмээжээ.