ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"И-Монгол академи" УТҮГ, Гадаадын иргэн, харьяатын газрын хамтарсан уулзалт боллоо

O.Admin
8 цагийн өмнө

Өнгөрсөн хугацаанд тус газраас авдаг үйлчилгээнүүдийн цахимжуулалт үр дүнгээ өгч төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системд Гадаадын иргэн харьяатын газраас авдаг үйлчилгээнүүд цахимжсанаар өдөрт 240-520 иргэн өөрийн биеэр биечлэн ирж үйлчлүүлдэг байсан бол 5-8 болтлоо буурч, 100-150 хүсэлтийг уламжлалтаар хүлээн авч шийдвэрлэдэг байсан бол 700-1100 хүсэлтийг цахимаар хүлээн авдаг болж, үйлчилгээний хүсэлтийг 5-10 хоногийн дотор шийддэг байсан бол 3 хүртэлх хоногт шийдвэрлэх боломжтой болж, иргэдэд илүү хялбар, түргэн үйлчилгээ хүргэж байна.

Энэ нь зөвхөн тухайн салбарын цахим шилжилтээс гадна Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах өөрчлөлтийн томоохон стратегийн нэг хэсэг гэж үзэж болохоор байна. Цаашид төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн, цахим үйлчилгээг иргэдийн хэрэгцээнд нийцсэн илүү хүртээмжтэй болгох ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа билээ.

Энэхүү уулзалтад "И-Монгол академи" УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран, Сургалт, олон нийттэй харилцах газрын дарга Н.Төрбат, Гадаадын иргэн харьяатын газрын Захиргаа удирдлагын газрын дарга И.Баатархүү болон холбогдох албаны хүмүүс оролцсон бөгөөд тус газраас үзүүлж буй үйлчилгээний цахим шилжилт болон иргэдэд үзүүлэх тусламжийн оновчтой байдлыг нэмэгдүүлэх талаар төлөвлөгөө боловсруулан ажиллахаар талууд тохиролцов.

Тухайлбал, Гадаадын иргэн E-mongolia системд нэвтэрч, оршин суугаа, аялж зорчиж буй газар байршлынхаа картыг үзэх, хаягийн лавлагаа авахаас эхлээд, Монголд бизнес эрхэлдэг, хөрөнгө оруулахыг хүсвэл, бусад үйл ажиллагаа явуулах бол хуулийн этгээд байгуулах, зөвшөөрлийн хүсэлтээ цахимаар илгээх, компанийнхаа мэдээллийг хянах, цаг, зардлаа хэмнэх зэрэг өргөн боломжит бүрдээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Энэ нь нэг талаас цаг, зардлыг хэмнэх, нөгөө талаас төрийн үйлчилгээг хялбар, хурдан болгох олон боломжуудыг иргэдэд олгоно.