“И-Монгол академи” УТҮГ-ын хөгжүүлж буй E-Mongolia системд одоогийн байдлаар 88 байгууллагын 1264 үйлчилгээ цахимжсан. Үүнээс зарим үйлчилгээг иргэдийн хувьд огт мэдэхгүй, авдаггүй, ашигладаггүй үйлчилгээнүүд судалгааны үндсэн дээр гарсан тул цаашид дээрх асуудал дээр түлхүү анхаарч тухайн үйлчилгээг үзүүлдэг төрийн байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх уулзалтыг шат дараатай зохион байгуулж эхэлсэн бөгөөд /2025.02.17/-ны өдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,түүний харьяа байгууллагуудын удирдах албан тушаалтнууд болон мэдээллийн технологи, хэвлэлийн мэргэжилтнүүдийн хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдэд цаг алдалгүй мэдээллийг хүргэх, төрийн үйлчилгээг илүү сурталчлах зэрэг чухал асуудлуудыг хэлэлцлээ. Түүнчлэн цахим ур чадварын мэдлэг хомс байгаагаас төрийн үйлчилгээ авахад хүндрэлтэй байгаа зорилтод бүлэг, ялангуяа өндөр настан, тусгай хэрэгцээт иргэдэд зориулан зарим үйлчилгээг сайжруулах, цахимжуулах шаардлагатай гэдгийг онцолсон юм.
Өнөөдрийн байдлаар ГБХНХЯ-ны E-Mongolia системийн хамгийн эрэлттэй үйлчилгээ нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг иргэд 15,521,578 удаа авсан нь цахим үйлчилгээний хэрэгцээ, эрэлт өндөр байгааг илтгэж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон түүний харьяа байгууллагуудтай хамтран ажиллах, иргэдийн хамгийн шаардлагатай үйлчилгээг E-Mongolia системд нэмж оруулах, үйлчилгээг илүү ойлгомжтой, хялбар болгох талаар тодорхой алхмуудыг хамтран хэрэгжүүлэхээр санал солилцлоо.