ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Алтангэрэл: Ухаа худагийн лицензийг хууль зөрчиж авсан гэдгийг тогтоосон

O.Admin
5 цагийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийлээ. Тодруулбал, “Энержи Ресурс” компанийн эзэмшиж буй "Ухаа худаг"-ийн орд газрын лицензийг шалгах буюу Ерөнхий сайдын 2025 оны 32 дугаар захирамжаар байгуулагдсан стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшилд олгосон Засгийн газрын шийдвэрт дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг О.Алтангэрэл сайд ахалж буй. Энэ хүрээндээ өнөөдөр Засгийн газарт дүгнэлтээ танилцуулжээ.

О.Алтангэрэл сайд  хэлэхдээ “Засгийн газраас холбогдох шийдвэрийн хүрээнд тогтоол боловсруулж, УИХ-д танилцуулахаар боллоо. Ажлын хэсэг нэлээд олон асуудлыг байгуулагдсан хүрээндээ судалж, “Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж үйлдвэр худалдааны сайд “Энержи ресурс” компанитай гарын үсэг зурсан 2008 он гуравдугаар сарын 21-ний өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээ гэх баримт бичиг нь хууль бус гэрээ” гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, “Энержи Ресурс” компанитай гэрээ байгуулж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшүүлсэн нь Үндсэн хууль, Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тухай хууль, тухайн үед болон одоо үйлчилж буй Ашигт малтмалын тухай хуулиудыг зөрчжээ.

Энэ асуудлаар Засгийн газар 2007 онд тогтоол гаргаад Тавантолгойн орд газар, тэр дундаа “Энержи Ресурс” компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн талбайг стратегийн орд газар бүхий талбайд хамруулчихаад байхад гэрээ хийгээд хэн нэг этгээдэд эзэмшүүлэх эрх тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайдад байгаагүй. Тэгээд ч энэ асуудлыг судлаад эргэж Засгийн газарт танилцуулахыг Х.Наранхүү гэгчид,  мөн асуудлыг эргэж шийдвэрлүүлэхийг тухайн үеийн Засгийн газарт УИХ-аас даалгасан ч процессыг зөрчиж шийдвэр гаргажээ. Ингэснээр 2007 оны тогтоол биелээгүй, өнөөдрийг хүртэл зөрчигджээ. Мөн шалгах ёстой нөхцөл байдал тогтоогдлоо. “Ухаа худаг”ийн асуудлаар Засгийн газраас тогтоолын төсөл УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлнэ” гэлээ.

Тодруулбал,

-Лицензийг албан тушаалаа урвуулан ашиглаж өөр дээрээ авсан

-Эрх мэдлээ урвуулан ашиглаж, Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх асуудлыг шалгахаар болжээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.

-Өнгөрсөн хугацаанд ажиллаж байсан парламент, Засгийн газар яагаад мэдсэн ч мэдээгүй юм шиг явж ирсэн юм бэ?

-2007 оны тогтоолын хавсралтад эдгээр талбай нь стратегийн ач холбогдол бүхий ордод орно гээд заачихсан. Бүр “Энержи ресурс” ХХК-ийн эзэмшил бүхий талбай, жижиг Тавантолгойн орд газрыг мөн нэрлээд, эндээс Монголын төр хувь эзэмшинэ гэж заасан. Харин хэдэн хувь эзэмшихийг Засгийн газарт танилцуул гэж заасныг хэрэгсээгүй. УИХ-аар огт хэлэлцээгүй, Засгийн газрын хуралдаанд танилцуулах байсан ч танилцуулаагүй. Үүнийг ярих сонирхол байхгүй байсан гэсэн үг. Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүүгийн “Энержи Ресурс”-тай байгуулсан гэрээ төрийн аль ч архиваас олдсонгүй.

-Тогтоолын хэрэгжилтийг хангаагүй хүмүүст хуулийн ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Улсад учруулсан хохирлоороо авч үзвэл эрүүгийн гэмт хэрэг болох ёстой. Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг агуулж буй. Гэхдээ шүүхийн өмнөөс би ярихгүй. Хамгийн чухал нь УИХ-аар оруулаагүй, танилцуулаагүй, Засгийн газарт эргэж мэдэгдээгүй атлаа энд нэг байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

Төрийн албан тушаалтнуудын алдаатай үйлдэл, асуудлыг бид энд ярьж байгаа. Хувийн өмч болон хөрөнгө оруулсан компанийн талаар бид дүгнэлт хийгээгүй. Ямар хэмжээний ашиг олж, яаж татвар төлж, буцаан олголт авсан юм бэ гэдгийг бид тодруулсан. Хариуцлага алдсан албан тушаалтнуудын асуудлыг бид ярина. Энэ чигээр яваад байж болохгүй. УИХ-ын тогтоол хэрэгжихгүй яваад байж болохгүй учраас тогтоолыг биелүүлэх нь эхний зорилго.

-Өөрийн эзэмшил гэж үзээд хөрөнгө оруулаад ирсэн аж ахуйн нэгжийн асуудлыг хэрхэх вэ. Төр уян хатан хандах уу?

-Авч үзэлгүй яахав. Хөрөнгө оруулчихсан, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжтэй зөвшилцөнө. Гэхдээ хөрөнгө оруулчихсан юм, нэгэнт эхэлчихсэн юм гэж хууль тогтоох дээд байгууллагаас гаргасан тогтоол хэрэгжихгүй өнгөрнө гэж байхгүй. Яриа хэлцэл хийгээд цаашаа явна.