Хавдар судлалын үндэсний төв нь 2018 оноос элэгний хорт хавдартай өвчтөнд амьд донороос элэг шилжүүлэх мэс засал хийснээр Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгадаг хоёрдах эмнэлэг болсон бөгөөд эдүгээ 181 удаа элэг амжилттай шилжүүлэн суулгажээ.
Хавдартай өвчтний амь насыг аварч байгаа хэдий ч энэхүү өндөр өртөгтэй мэс заслын үр дүнг улам нэмэгдүүлэх, хагалгааны дараах өвчтний амьдралын чанарыг баталгаажуулахад тулгамддаг олон асуудлуудын нэг нь тухайн өвчтөнд байгаа хавдрын бус бусад архаг суурь эмгэгүүд, тэр дотроо хүн амын дунд зонхилон тохиолддог шээс бэлгийн тогтолцооны эмгэгүүдийн 55 хувийг эзэлж буй бөөрний архаг дутагдалтай холбоотой юм.
Элэгний хүнд эмгэгийн шалтгаантай элэг бөөрний хамшинжийн төгсгөлийн үе шатанд байгаа өвчтөн элэг шилжүүлэн суулгасны дараа бөөрниий дутагдлын шалтгаанаар эмнэлэг хооронд явах, олон эмч, олон эмнэлгүүдийн хяналтад орох хүндрэл чирэгдэлтэй нүүр тулж байгаа нь мэс заслын үр дүн хангалтгүй байх, хагалгааны дараах хүндрэл гарах эрсдлийг нэмэгдүүлж байна.
Тусламж үйлчилгээний энэхүү нөхцөл байдлын улмаас манай иргэд элэг-бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг зэрэг хийлгэх зорилгоор БНСУ болон Энэтхэг улсруу явах нь түгээмэл байгаа хэдий ч энэ нь эдийн засгийн хувьд зардал өндөртэй, өвчтөний аюулгүй байдлыг хангах, эмчилгээний дараах хяналтад хүндрэл учрах зэрэг олон асуудлыг дагуулж, мөн олон хүн эдийн засгийн дарамтаас болж шаардлагатай эмчилгээгээ хийлгэж чадахгүйд хүргэсээр байгаа юм.
Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/ 2006 онд анхны бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийснээр Монгол улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын хөгжил сууриа тавьжээ. Эдүгээ тус эмнэлэг 331 удаа бөөр, 234 удаа элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийсэн байна. Гэвч улсын хэмжээнд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний хүлээх жагсаалтад 350, элэг шилжүүлэн суулгах хүлээх жагсаалтад 250 гаруй иргэн бүртгэлтэй байгаа бөгөөд цаашид тасралтгүй өсөн нэмэгдэх хандлагатай байна.
ХСҮТ өнөөгийн тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадамж дээрээ тулгуурлан, амьд донор болон тархины үхэлтэй донороос элэг-бөөр нэгэн зэрэг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулах зорилгоор 2025 оны 2-р сарын 25-нд УНТЭ-тэй хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд талууд элэгний хавдартай өвчтөнд элэг-бөөр зэрэг шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлэх, мэргэжил арга зүйн хувьд харилцан суралцаж чадавхиа бэхжүүлэхийг зорьж байна.