ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"ШИНЭ" нам Ардчилсан намд албан ёсоор нэгдлээ

O.Admin
6 цагийн өмнө

Ардчилсан Намын Улс төрийн зөвлөл, ШИНЭ намаас гүйцэтгэх зөвлөлийн хамтарсан ажлын хэсэг зарчмын бүхий л асуудлаар хэлэлцэж нэгдсэн шийдвэр гаргаснаа өнөөдөр /2025.02.26/ танилцууллаа.

Шинэ намын Ардчилсан Намд нэгдэх шийдвэрийг ажлын хэсгийн түвшинд бүрэн судалж, боломжтой гэсэн шийд гаргаад байна. Гэсэн ч Ардчиллын төлөөх намууд нэгдэх эцсийн шийдвэрийг төлөөллийн төв байгууллага болох Намын Их хурлаар эцэслэн гаргана хэмээн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал онцоллоо.

Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны төлөө хамтдаа зүтгэж, улс орноо хөгжүүлэх ёстой гэсэн агуулгаар Ардчилсан Намд нэгдэх гэж буйгаа “Шинэ нам”-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гантулга хэлэв.

“Шинэ нам”-ын дэд дарга Д.Жаргалсайхан “Шинэ намын үзэл санаа нь үндэсний ардчилсан үзэл санааг дээдэлж, үүнийгээ хэрэгжүүлэх үндсэн гурван зарчимтай.

-Нэгдүгээрт иргэн төвтэй монгол төрийг байгуулах

-Хоёрдугаарт, байгалийн баялгийг ард түмэнд үлдээх

-Гуравдугаарт аж үйлдвэржсэн эдийн засагтай шинэ Монгол Улсыг байгуулах гэсэн зарчмуудтай. Ардчилсан Нам, Монгол Ардын намтай Хамтарсан засаг байгуулж бидний энэ зорилтуудыг хэрэгжүүлээд явж байгаад талархаж байна. Ардчиллын үнэт зүйл, үзэл санааг улам төгс болгож, иргэддээ эдийн засгийн эрх чөлөөг олгох, хүний эрхийг дээдлэх нэг зорилгын дор Ардчилсан Намтай нэгдэж, хамтран ажиллах саналтай байна” гэв.

Мөн “Үндэсний баялгийн сангийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэхэд түлхэц болох 110 мянган иргэдийн гарын үсэг бүхий баримт бичгийг Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалд хүлээлгэн өглөө.