Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг нэр төрд халдсан хэмээн "Эко машин импортлогчдын холбоо"-ноос шүүхэд хандаж, улмаар түүний тэрбум төгрөгийн хөрөнгийг нэхэмжлэхээр боллоо гэсэн мэдээлэл сошиал орчинд цацагдсан. Тэгвэл энэ асуудалд Хотын дарга тайлбар өглөө. Х.Нямбаатар дарга хэлэхдээ "Шүүхийн ямар ч тогтоол гараагүй. Шүүгчийн захирамж гаргасан юм билээ. Эко машин импортлогчдын холбооноос шүүхэд нэхэмжлэл гаргаж “Бидний нэр төрд халдсан” гэсэн байна лээ.
Шүүгч нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэсэн захирамж гаргасан юм билээ. Шүүхийн урьдаас гарах шийдвэрийг баталгаажуулах зорилгоор миний эд хөрөнгөтэй холбоотой битүүмжлэл гаргах захирамж гаргасан юм билээ.
Надад тэрбум төгрөг байхгүй. Надад тийм хөрөнгө ч байхгүй. Би шүүгчийн шийдвэрт гомдол гаргасан. Маргааш миний гомдлыг хэлэлцэх байх. Би хэнээс ч уучлалт гуйхгүй. Жилдээ 130-140 мянган машин импортоор орж ирж байгаа. 80 мянган машин явах замдаа 2-3 дахин их машин явж байна шүү дээ. импортлогчид нүүрсэн яндангүй машин оруулж ирдэг.
Татварын асуудал үүсгэдэг, улсын дугаарын бизнесийг цэцэглүүлсэн. Тиймээс би АТГ-т бичиг өгөөд ирлээ. Татвар төлөөгүй, үзлэгт ороогүй машинуудын дугаар хаанаас гарч ирсэн бэ гэдгийг шалгаж өгөөч гэсэн хүсэлт тавилаа. Дугаарын шагийн бизнес гарч эхэлсэн юм шиг байна. Наадуул чинь намайг жил гаруй шантаажилж байгаа. Жил гаруй доромжиллоо.
Би дуртайдаа энэ бүхнийг хийгээд яваад байгаа юм биш. Бид бодит үнэн асуудлаа ярих ёстой. Сая цагаан сараар хэдүүлээ ямар их түгжрэв. Вагоноор явцгаая, алхаж суръя гэхээр залхуу гэж доромжиллоо гэж мушгина. Хамтдаа хичээж байж л түгжрэл, агаарын бохирдлооё сална биз дээ. Хувийн хэвшилтэй өрсөлдөж такси оруулж ирэх тухай огт яригдаагүй. Нийслэлийн аль ч сайтад такси үйлчилгээний зарлал гараагүй. Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд масс тээврийн хэрэгсэл буюу автобус түүнээс том оврын хэрэгслийг худалдаж авах сан байгуулсан. Такси үйлчилгээг соёлтой болгох судалгааны ажил бол хийгдэж байгаа” хэмээлээ.