Энэ жилийн тухайд ипотекийн хөтөлбөр тодорхойгүй шалтгаанаар зогсож, 2025 оны хөтөлбөрийг зарлаагүй нэг улирал өнгөрөөд байна. Тэгвэл тун удахгүй Засгийн газраас буюу Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд харьяалагдаж буй "Хуримтлалын сан"-тай уялдуулан, шинэчилсэн орон сууцжуулах хөтөлбөрийг зарлахаар болсныг ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан онцоллоо.
Тодруулбал, Залуу гэр бүлийн дунд байгаа хамгийн гол асуудал нь орон сууц байгаа учраас орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр гаргах ёстой гэж үзжээ. Тус хөтөлбөрт 40 хүртэлх насны, нэгээс дээш хүүхэдтэй, өмнө нь орон сууцанд хамрагдаж байгаагүй гэр бүлийг ипотекийн зээлд хамруулах зэргээр өөрчлөлт оруулна гэлээ.
Л.Энх-Амгалан сайд хэлэхдээ "Зургаан хувийн зээл бүх хүн авдаг хөтөлбөр биш өмнө нь орон сууц авч байгаагүй гэх мэтээр шалгуур тавихгүй бол хүн бүхэн зээл авах боломж алга. Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний баялгийн сангийн дэргэдэх Үндэсний орон сууцжуулалтын дэд даргаар би ажиллаж байна. Нарийн бичгийн дарга нь Ж.Батсуурь, Х.Нямбаатар нар байгаа. Гол санхүүжүүлэгч нь манайх буюу хуримтлалын сан. Тус сан манай яам дээр байгаа шүү дээ. зорилтод бүлэг рүүгээ оруулъя гэж яриад байгаа юм. Жилд 500 тэрбумыг орон сууцны зээлд гаргадаг байсан бол хуримтлалын сангаас 500 тэрбумыг татчихвал нэг их наяд болно.
Дагаад очер ихэсчихсэн. Хуучин 24-36 сар очер хүлээгдэж байсан бол одоо бүр 48 сараар хүлээгддэг болсон юм билээ. Арилжааны банкуудын зээлийн хүү өндөр байгаа. Тэгэхээр иргэдийн орлогод нийцсэн хөтөлбөрийг боловсруулж байна. Ойрын хугацаанд хөтөлбөрийг эцэслэнэ. Энэ жил ипотекийн хөтөлбөрийг жаахан удаан зарлаад байгаа юм шиг санагдаж магадгүй. Бид барилгын нийлүүлэлттэй уялдуулж зарлана.
Хуучин ипотекийн зээл найман хувьтай байхад 400-800 мянгын эргэн төлөлтөд хийж байсан. Гэтэл зургаан хувь болгочихсон чинь барилгын компаниуд үнээ нэмээд эргэн төлөлт дээр 100-150 мянга нэмэгдэх жишээний. Энд иргэд хохирч байгаа биз. Барилгын компаниудад зориулсан ипотек ерөөсөө хийж болохгүй. Шинэ хөтөлбөрийг дөрөвдүгээр сард зарлана гэж байгаа. 17-18 мянга орчим иргэд урьдчилгаагаа бүрдүүлчихээд хүлээж байгаа юм билээ" хэмээлээ.