ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Учралын эр зоригийг энэ удаа үнэлэх ёстой болж байна

O.Admin
2025-04-09

Ярилцлага өгөх байтугай чуулгандаа ч ховор үзэгддэг нэгэн зочин “Төгрөг” нуурын орд газрын асуудал өндийхтэй зэрэгцэн “Өрөг” сайтын зочны хойморт шовойтол суусан нь олны анхаарлыг татаж байна. Чухал зочинг олж ирээд өмнөө суулгаж чадсан сэтгүүлчийг хэн ч буруутгахгүй. Гагцхүү “чухал”-д тооцогдож буй тэр хүн юу ярив гэдэг нь өөрөө нийгмийн шүүлтүүрээр орж буйд учир байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал өнгөрөгч долоо хоногт Х.Баттулга гэх хүний холбогддог Төгрөг нуурын ордын асуудлыг хөндөж гаргаж ирсэн билээ. “Баянгол”, “Талх чихэр” компаниудад хамтран хувь эзэмшдэг Сингапурын тэрбумтан Билли Лим тэргүүтэй дөрвөн хятад иргэнд Монгол Улсын стратегийн том ордуудын нэг, гурван тэрбумын нөөцтэй Төгрөг нуурын орд газрыг 250 сая ам.доллароор зарсан баримтыг 2015 оноос эхлэн сэтгүүлчид шат дараатай ил болгосон ч тэгсхийгээд дарагддаг байсан. Х.Баттулга ч надад хамаагүй хэмээн булзааруулсаар энэ хүрчээ. 

Гэтэл Х.Баттулга иргэн Я.Батсүхийн нэр дээр 2006 онд байгуулсан “САМЕХ” нэртэй компаниар дамжуулан тус ордыг 1.3 сая ам.доллароор худалдан авч байсан нь нуух аргагүй үнэн баримт болон гарч ирлээ. Тавантолгойн бүлэг ордын тэн хагастай тэнцэхүйц буюу 3.1 тэрбумын нөөцтэй орд газрыг худалдан аваад дээр нэр дурдсан Сингапурын тэрбумтан найз Билли Лимийн хүү Деннис Лим, гэр бүлийн найз болон Сингапурын иргэн Тан Ка Хок, Еээ Чү Лонг нарт компанийнхаа 54 хувийг шилжүүлэн өгчээ.

Ингээд төд удалгүй буюу 2007 онд тус компанийнхаа эзэмшилд байсан Төгрөг нуурын ордыг Сингапур улсад бүртгэлтэй “Central Asia Mineral exploration PTE” компани руу шилжүүлэн өгсний дараа 1.3 сая ам.доллароор худалдан авсан орд газраа 250 сая ам.доллар болгож, хэдэн арав дахин өсгөсөн үнээр худалдсан баримтыг өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр Н.Учрал сайд дахин ил болгож, хэдэн зуун хуудас баримтыг нийтэд ил болголоо. Мөн төрсөн охин Б.Намуун, төрсөн эгч Х.Цэндбаяр нарынхаа нэр рүү шилжүүлсэн гэх ноцтой зүйлийг ч Н.Учрал сайд хэлж, Засгийн газрын хуралдаан уг асуудлыг танилцуулснаар энэ ордтой холбоотой асуудлыг шалгах үүргийг Ерөнхий сайд өгчээ.

Гэтэл үүнтэй зэрэгцэн Х.Баттулга сайтад өгсөн ярилцлагадаа “Надад ямар ч гадны компани байхгүй. Төгрөг нуурын орд газар надад байвал 100 хувь шилжүүлэн аваарай” хэмээн даналзав. Хамгийн инээдэмтэй нь Х.Баттулгын энэ ярилцлагаас өмнө түүний өмгөөлөгч гэх Д.Пүрэвбаатар харин “Х.Баттулга энэ компанийн 90 хувийг эзэмшиж байсан ч 2007 онд улс төрд ороод гарч явснаар түүний оролцоо дууссан” хэмээн матчихав. Мөн энэ нөхөр тус орд газрын 20 хувийг эзэмшиж байсан ч таван ч төгрөг авч чадахгүй алдсан Л.Дүгэржав агсаны охин руу өдөр шөнөгүй утасдаж, дарамт үзүүлсэн учраас аргаа барсан бүсгүй өчигдөр аавд нь байсан баримтуудыг АТГ-т өгч, төрөөс хамгаалалт хүслээ.

Х.Баттулга гэгч чухамдаа тийм ариухан амьтан биш байсныг бид энэ өдрүүдийн үйл явдлаас харж байна. Тэр том улстөрч байсан уу гэвэл байсан. Гэхдээ том байхын хэрээр том хулгайч байсныг ч бас эдгээр баримтууд өөрөө хэлж өгөөд буйг Н.Учрал сайд тодотгов. “Надад 507 хуудас баримт байна. Та хэлсэн үгэндээ эзэн болоорой. Би ч бас гаргасан баримтдаа эзэн болно” хэмээн тунчиг зоригтойгоор мэдэгдлээ. Тулаан тун сонирхолтой өрнөж байна. Гарах гарцгүй үнэнээс тэр холдож чадахгүй болсон энэ цагт шоволзож гарч ирээд мэдэгдэл хийдэг шигээ шударга үнэнээ ч бас шүүхийн индэр дээр нотлох цаг иржээ.

Н.Учралын эр зоригийг энэ удаа үнэлэх ёстой болж байна. Ямар ч улстөрчийн хөндөж гаргаж ирдэггүй сэдвийг шүүрч аваад нийгмийн шүүлтүүрээр оруулж чадаж буйд нь талархах учиртай. Х.Баттулга харин үнэн мөнөө тогтоолгоод улс төрийн эр зориг гаргаж ордыг буцаан ард түмэнд өгөх цаг болов. Ээждээ эрхэлдэг хүүхэд шиг “Чуулганд суухаар төхөөрөмж гацчихаад байх юм. Ээж намайг хуралдаа суу гэж загнасан. Одоо сууж байна аа” гэсэн инээдэмтэй атлаа ичгэвтэр тайлбар өгч суугаадаа ч энэ хүн дүгнэлт хийх цаг нь болжээ. Муу ч сайн ч Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүн хууль тогтоох байгууллагыг иймхэн хэмжээнд үнэлж, тийм ичгэвтэр тайлбар хэлээд сууж байна гэдэг сонгогчдоо, ард түмнээ ч доромжилсон үйлдэл билээ.