Засгийн газрын автобааз жип машинуудаа түрээсэлж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн бизнест оролцож байна гэх шүүмжлэл сошиал орчинд өрнөсөн билээ. Тэгвэл энэ асуудалд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал албан ёсоор тайлбар өглөө.
Н.Учрал сайд хэлэхдээ “Төрийн болон орон нутгийн өмчит компаниудад авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Засгийн газрын барьж буй бодлого маш ойлгомжтой. Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй. Илүү хувийн хэвшлээ дэмжиж менежментийн гэрээ байгуулах, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Яг энэ бодлогоо тусгасан Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын бүтээмж, засаглалыг сайжруулах хуулиа УИХ-д өргөн мэдүүлсэн. Нийтийн өмчийн тухай хуулийг мөн ирэх долоо өргөн барина.
Засгийн газарт ирэх долоо хоногт танилцуулна. Төр ямар ямар бизнест оролцох юм, алинд нь орохгүй юм. Төрийн өмчит компани 120 гаруй гэдэг атлаа улсын өмчит, төрийн өмчит, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлчилгээний газруудаа нэмчихвэл 800 гарчихсан. Маш том тоо шүү. Энэхүү хуулиар ашигтай ажиллахыг хуульчилна. Мөн нийтийн өмчит байгууллага гэдэг тусдаа статусыг бий болгох юм. Өнгөрсөн Засгийн газрын үед тус автобаазыг Аж ахуйн тооцоот, үйлдвэрийн газар болгосон.
Өөрсдөө орлого олоод цалингаа тавь гэж шаардахаар тэд байгаа машин тэргээ түрээслээд орлого олоход анхаарч эхэлнэ биз дээ. Гэтэл одоо Автобааз дээр хуучны хэдэн машин байгаа. Түүнийгээ засварлах, төрийн үйлчилгээнд явах гээд асуудал үүснэ.
Нэг гараараа та нар төрд үйлчил гээд нөгөө гараараа орлого олж цалингаа тавь гэхээр ийм үйл ажиллагаа руу орж эхэлж байгаа юм. Тэгэхээр энэ бол буруу бодлого юм аа. Төсвөөсөө санхүүжээд төрдөө үйлчлээд явах буюу нийтийн үйлчилгээний байгууллага хэлбэрээр явуулах л асуудал юм. Хэд хэдэн ийм газар байгаа. Статусыг нь өөрчлөх асуудлыг хууль хүлээхгүйгээр шийднэ. Хувийн хэвшил ашиггүй учраас ийм салбар руу орж ирдэггүй учраас тодорхой хүрээнд төрөөс санхүүжүүлээд төрдөө үйлчлээд явах газруудын статусаа тодорхой болгоно. Энэ жилийн тухайд ямар ч шинэ машин авах төсөв суулгаагүй. Хуучин машин олонтой юм билээ. Аргаа бараад л ганц нэг гялгар машинаа харуулж, түрээсээр ч болтугай орлого олох гэсэн байх” гэсэн хариулт өглөө.