ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Алтангэрэл: П.Батчулуун эмчийг өвчний учир ялаас чөлөөлөх шийдэл яригдаж байна

O.Admin
1 өдрийн өмнө

Тархи нь үхэжсэн донороос ар гэрийнхий зөвшөөрөл эд эрхтэн донор болгож авахдаа зөвшөөрөлгүйгээр шөрмөс болон бусад зүйлс авсан хэрэгт буруутгагдаж, хорих ялаар шийтгүүлсэн Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч П.Батчулууны биеийн байдал муудаж, сүрьеэ өвчин нь хүндэрсэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл түүний охин Б.Хонгорзул Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай аавынхаа асуудлаар уулзсан ч "Одоо тэгээд гарлаа гээд нэмэртэй юу", Уучлал гуйх л арга байгаа биз дээ. Өөр арга байгаа юм уу" гэх мэтээр үл тоож, даапаалсан учраас уулзалтаа дуусгалгүй гарсан талаар хэвлэлд ярьсан нь нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна. 

Тэгвэл П.Батчулуун эмчийг хорих ял эдлэх боломжгүй өвчний заалттай гэсэн үндэслэлээр ялаас чөлөөлөх асуудал хуулийн түвшинд яригдаж буйг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл онцоллоо. Тэрбээр, "Өвчний учир ялаас чөлөөлөх хуулийн зохицуулалт бол байгаа. Жагсаалт дээр комисс ажилладаг. Энэ хүнийг цаашид хорих ял эдлэх боломжгүй гэдэг дүгнэлт гаргаад прокурорт танилцуулдаг. Прокурор түүнд нь шинжээч томилсноор энэ шийдвэр албаждаг.

Хорих ял эдлүүлэх, хуулийн хэрэгжилтийг биелүүлэх үүрэгтэй ч хорих ял эдлүүлж болдоггүй өвчин гэж байгаа. Хүмүүнлэг энэрэнгүй зүйл шүү дээ. Тиймээс энэ процесс явагдаад П.Батчулуун эмчийн асуудлыг ярих юм. Холбогдох байгууллагуудаар шийдвэрлэгдээд явж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бол саналаа гаргачихсан юм билээ. Одоо прокурорын байгууллага шинжээчээ томилоод дүгнэлтээ гаргах байх аа. Ер нь хорих ял эдэлж болохгүй өвчинтэй хүн байгаа бол тэр хүн нэг хоног ч илүү хоригдох ёсгүй. Тиймээс холбогдох байгууллагууд ажлаа хийгээд явах байх" хэмээжээ.