Хөгжлийн банкинд ажиллаж байхдаа нэр бүхий хоёр компанид давуу байдал олгон зээл олгосон, зээлийн чиг үүргийг өөрчилсөн авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хэмээгдэж буй УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарыг шүүхээс гэм буруутайг тогтоосон ч хуулийн гацаанд ороод байгаа гэв.
Тодруулбал, Д.Цогтбаатар нь УИХ-ын гишүүний тангараг өргөсөн халдашгүй байдал нь хуулиар хамгаалагдсанаас гадна шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийг томилсон болон сонгосон албан тушаалтанд нь хүргүүлэх ёстой ч ард түмнээс сонгогдсон төрийн түшээ учраас уг шийдвэрийг хэнд хүргүүлэх тухайд гацаанд ороод байна гэж Хуульзүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцуулав.
Тэрбээр, Да.Цогтбаатар гишүүнтэй холбоотой шүүхийн шийдвэр ирсэн. Тус байгууллага хуульд зааснаар томилсон буюу сонгосон албан тушаалтанд шаардлага хүргүүлэх ёстой. УИХ-ын гишүүнд томилсон, сонгосон албан тушаалтан байхгүй учраас энэ албан тушаалтанд ямар хүн хамаарах юм бэ СЕХ хамаарах уу гэдгийг тодруулахаар бичиг явуулсан. Да.Цогтбаатар гишүүний асуудал хуулийн мухардалд орчихсон. Гацчихсан гэсэн үг” хэмээжээ.
Мөн энэ асуудлаар УИХ-аас Х.Тэмүүжин гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гаргаад байгаа бөгөөд Да.Цогтбаатар гишүүний тухайд “Бүрэн эрх нь хэрэгжиж дууссаны дараа буюу УИХ-ын гишүүний бүрэн эрхийн дараа шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж болох эсэх тухай албан бичгийг прокурорт хүргүүлсэн” хэмээж байгаа ч тус бичгээсээ татгалзсан гэх мэдээлэл мөн гараад байгаа юм.