Тагнуулын Ерөнхий газрын дарга асан, бусдыг хууль бусаар эрүүдэн шүүсэн хэргээр ял сонссон Б.Хурц нь АН-ын томилгоогоор Тайвань улсад консулаар томилогдох гэж байгаа талаар манай сайт анхлан мэдээлсэн билээ. Тэгвэл энэхүү томилгоотой холбогдуулан Б.Хурц сайтад өгсөн ярилцлагадаа "Төр хаашаа яв гэнэ би тийшээ явдаг. Би төрд тангараг өргөсөн учраас төрийн шийдвэрийг биелүүлнэ" хэмээн ярьсан.
Тэгвэл түүний эрүүдэн шүүсэн хүмүүсийн нэг болох С.Зориг агсны хэрэгт холбогдон хилс хэргээр хорих ял эдэлж байсан Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат энэхүү томилгоог эсэргүүцэж буйгаа мэдэгдэж, өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр,
Миний дүү Т.Чимгээг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт 10 жил гүтгэж, эрүүдэн шүүж хэлмэгдүүлсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Гэтэл энэ ажлыг гардан зохион байгуулсан Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц гэдэг хүн Монгол Улсыг төлөөлөөд Тайвань улсад суух худалдааны консул гэх албан тушаалд томилогдож байгаа мэдээлэл байна.
Үүнтэй холбогдуулан би дөрвөн газарт хүсэлт хүргүүлж байгаа юм. Хотын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газарт хүсэлтээ хүргүүлж байна. Б.Хурц гэдэг хүний гарт хэлмэгдсэн 47 хүн бий. Тэдгээр хүмүүсийн ар гэр гээд нийтдээ 800 гаруй хүн байдаг. Гэтэл Б.Хурцыг консулаар томилох гэж байгаа нь энэ 800 гаруй хүнийг доромжилж байгаа юм уу. Ц.Элбэгдорж, Б.Хурц нарын үед хэлмэгдсэн олон иргэд бодит үнэнийг ил болгосоор байгаа. Б.Хурц мэтийн увайгүй улстөрчдийг төрөөс зайлуулж, ард түмний эгэл жирийн эрхийг хамгаална гэж бид итгэж байтал тэр хүмүүсээ албан тушаалд томилж байгаад гайхаж байна. Д.Энхбат агсны хэргээс эхлээд ЖДҮ, Боловсролын зээлийн сангийн хулгай ч Б.Хурцтай холбоотой.
Б.Хурц бол маш олон хүнийг хэлмэгдүүлсэн дээрээс нь хууль бус олон шийдвэр гаргаж байсан. Нэг ёсондоо энэ хүн албан ёсны гэмт хэрэгтэн. Төр өөрөө энэ хүнийг томилвол гэмт хэрэг хийхийг албан ёсоор дэмжсэн болно. Эрүүдэн шүүгдсэн хүмүүс нь ямар ч нөхөн олговор аваагүй байхад эрүүдэн шүүсэн хүн нь ингээд явж л байдаг" хэмээн байр сууриа илэрхийлэв.