ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ТАНИЛЦ: Хойд бүсийн хөгжлийг дэмжих хүрээнд Засгийн газраас гаргасан шийдвэрүүд

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
4 цагийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас хойд бүсийн хөгжлийг дэмжих хүрээнд гурван тогтоол гаргалаа. Энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Булган аймагт зохион байгуулагдсан бүсийн хөгжлийн хуралдааны таван салбар хуралдаанаас 190 гаруй санал зөвлөмж иргэдийн зүгээс гаргажээ. Улмаар,

-Хойд бүсийг хөгжүүлэх зарим арга хэмжээ

-Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зарим арга хэмжээ

-Хойд бүсэд үйлдвэр, технологийн паркийн хөгжлийг дэмжих зарим арга хэмжээ гэсэн гурван тогтоолын төслийг тус, тус баталсан аж. Эдгээр төслүүдэд холбогдох яамдуудын саналыг тусгаж өнөөдрийн /2025.04.30/ хуралдаанаар эцэслэн албажуулжээ.  

Ингэснээр,

-Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 50 Мвт-аас доошгүй хүчин чадалтай ДЦС-ын төслийн ТЭЗҮ

-Хөвсгөл аймгийн Ханх, Хатгал, Жаргалант, Шинэ-Идэр, Мөрөн чиглэлийн хатуу хучилттай автозамын төсөл

-Булган аймгийн Дашинчилэн, Өлзийт, Хайрхан, Рашаант, Мөрөн чиглэлийн автозамын ажлыг эрчимжүүлэхээс гадна Хишиг-Өндөр, Гурванбулаг чиглэлийн автозамаас Могод чиглэл, Булган-Мөрөн чиглэлийн автозамаас Сайхан, Баян-Агт, Гурванбулаг, Элсэн тасархай чиглэлийн автозамын зураг төслийг боловсруулах

-Дөрвөн улирлын турш аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдэд зургаан жил хүртэлх хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх

-Булган, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын барилгын төслийг ирэх оны төсөвт суулгах

-БНСУ-аас Хөвсгөл чиглэлд олон улсын шууд нислэг үйлдэх нөхцлийг бүрдүүлж, 4С ангиллын шаардлагад нийцүүлэн өргөтгөх

- "Тээвэр логистикийн төв" байгуулах асуудлыг судлах

-“Эрдэнэт” шинжлэх ухаан технологийн паркийг гарааны бизнесийг дэмжих төв болгож, хойд бүсийг хэмжээнд өргөжүүлэх

-Ханх боомтын өргөтгөл, шинэчлэлийг эрчимжүүлэх 

-Хойд бүсийн орон нутгийн хөгжлийн зургаан төвийн инженер дэд бүтцийг хэрэгжүүлэх. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийх

-Хойд бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрийн цогцолборын төвийг “Эрдэнэт” хотод ШУТИС-ийн дэргэд байгуулах

-Орхон, Хөвсгөл, Булган аймгийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг байгалийн аялал жуулчлал, уул уурхай, эрчим хүчний чиглэлээр төрөлжүүлж дэд бүтцийн төслийн хүний нөөцийг богино хугацаанд давтан сургах чиглэлээр Хөвсгөл аймаг дахь политехник коллежийн салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн бааз байгуулах

-Бүсийн хавдрын эмчилгээ, оношилгооны дэд төв болон хөгжүүлэх зорилгоор “Эрдэнэт” үйлдвэрийн харьяа “Эрдэнэт медикал” төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийг эрүүл мэндийн харьяанд шилжүүлэх

-Булган аймгийн 100 ортой нэгдсэн эмнэлгийн санхүүжилт

-Хөвсгөл нуурын цэнгэг усны нөөц, ойн сан, мөнх цэвдгийг хамгаалах сангийн судалгааг үе шаттай хийж, улсын тусгай хамгаалалтад авах 

-Ерөнхий сайд асан А.Амарын мэндэлсний 140 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх

-Шинэ Мөрөн худалдаа үйлчилгээний төвийн бизнес эрхлэгчдийн худалдаа, үйлчилгээ эрхлэх эргэлтийн хөрөнгө буюу зээлийн зориулалтаар 5.2 тэрбум төгрөг олгох асуудлыг тус тус шийдвэрлэлээ.