ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

П.Наранбаяр: Боловсролын зээлийн сангийн шинэчлэгдсэн журам батлагдлаа

O.Admin
3 цагийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Боловсролын зээлийн сангийн журамд өөрчлөлт оруулсныг Боловсролын сайд П.Наранбаяр мэдээллээ. Тодруулбал, Их дээд сургуульд суралцагсдад олгодог зээл, тусламж, дэмжлэг үзүүлэх журмыг шинэчлэн батлахаар Засгийн газар тогтоол гаргажээ. Тус журамд орсон өөрчлөлт нь иргэндээ ээлтэй, эргэн төлөлтийг сайжруулах өөрчлөлт байж чадсан хэмээн салбарын сайд онцлов.

Тэрбээр, “Дэлхийн шилдэг Их, дээд сургуульд элсэн суралцдаг, бакалавр түвшинд бүтэн хугацаатай олгодог байсныг өөрчилж 2+2 хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр боллоо. Дотоодын Их дээд сургуульд 2 жил, гадаадад хоёр жил суралцахдаа ашиглаж болно гэсэн үг.

Энэ бол хөдөө орон нутгаас ирж суралцаж буй хүүхдүүдэд тэгш боломж олгохоос гадна дотоодын сургуулиудаа дэмжих боломж юм. Их дээд сургуулиудын сургалтын чанар дээшилж байгаа. Арваас дээш жил малчнаар ажилласан хүний хүүхдийг сургах асуудлыг журамд мөн оруулж ирлээ. Төрийн өмчийн Их дээд сургуульд бэлчээрийн менежмент чиглэлээр суралцаж буй оюутанд ирэх есдүгээр сарын 01-нээс тэтгэлэг олгож эхлэхээр шийдвэрлэлээ.

Зээлийн эргэн төлөлтийн тухайд 20 хүртэл жил байхаас гадна гадаадад гурван жил ажиллаад эргээд эх орондоо ирж буцаж ирэх уян хатан заалт оруулж ирлээ. Энэхүү журмыг хүнээс үл хамаарч буюу материалаа үнэн зөв бүрдүүлсэн бол автоматаар дүн нь гардаг байдлаар шинэчиллээ. Ингэснээр олон өрхөд боломж бий болгох байх аа. Урд нь нэг өрхийн хоёр хүүхэд сурахыг хязгаарладаг байсан бол одоо шалгуур хангасан бол хэдэн ч хүүхэд сурахаар боломж бүрдүүллээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тусгай бүлэг гаргалаа.

Шинэчлэгдсэн журам ямар нэг байдлаар төсөвт ачаалал үүсгэхгүй бөгөөд цаашид эргэн төлөлтийн зохицуулалтыг оновчтой болгосноор төсвийн үр ашиг нэмэгдэх юм. Боловсролын зээлийн сангаар суралцсан 14 мянган хүнээс 1200 нь гадаадад суралцсан. Нийтдээ 300 орчим тэрбумыг төр санхүүжүүлсэн. Зээлээ эргэн төлөөгүй хүмүүсийн мэдээллийг Монголбанкинд өгөх тухай асуудал олон жил яригдсан. Тэгвэл салбар яам болон холбогдох байнгын хорооноос энэ асуудлыг эцэслэж, өнөөдрийн байдлаар 14 мянган хүний мэдээллийг Монголбанкинд гурван үе шаттай өгсөн. Авлагатай гэж бүртгүүлсэн гэсэн үг. Зээлээ төлөх үүрэг хүлээсэн хүмүүс өнгөрсөн жил 438 сая төлж байсан бол өнөөдрийн байдлаар 1.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ. Эргэн төлөлтийг 30 тэрбумд хүргэж чадахаар байна” хэмээлээ.