ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний албан тушаалд Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томилсон билээ. Тэгвэл энэхүү шийдвэртэй холбогдуулан Н.Эрдэнэхүү өнөөдөр албан ёсоор мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр намайг ажлаас чөлөөлсүгэй гэсэн тушаал гаргажээ. 11 цагийн үед ажлаа хийгээд сууж байтал ажлаас чөлөөлөх тухай гэсэн тогтоолыг авчирлаа. Тушаалын дагуу миний бие ажлаа хүлээлгэж өглөө. Төрийн сайд өөрийн харьяалах эмнэлгийн төвийн даргыг чөлөөл гэсэн бичгээ хоёр заалтыг үндэслэн явуулжээ. Гэхдээ үндэслэл байхгүй. Зүгээр л хөдөлмөрийн тухай хуульд ямар эрх үүрэг байдаг вэ гэдгийг л сануулжээ. Сахилгын хийгээд ямар нэг зөрчил гаргасан тухай заалт алга. Би энэ тогтоолыг эсэргүүцэхгүй. Гэхдээ сахилгын хийгээд хөдөлмөрийн бусад хууль тогтоомж би зөрчсөн юм бол хамгийн багадаа сарын өмнө мэдэгдэх ёстой.
Ямар нэгэн заалт, сахилгын шийтгэлгүй атлаа хүнийг үүрэгт ажлаас чөлөөл гэж тушаал гаргадаг болсон юм байна. Өнгөрсөн хугацаанд ямар асуудал үүсэв гэдэгт асуудал үүсэх байх. Т.Мөнхсайхан сайд ажлаа аваад хавдрын тусламж үйлчилгээнд анхаарч ажиллана гээд манай байгууллагад ирж ажилласан. Бид чадах хэмжээндээ ажилласан. Хавдрын тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох, орон нутагт тусламж үйлчилгээг үзүүлэх чиглэлд ч хамтраад ажилласан. Намайг өнгөрсөн хугацаанд маш их шахаж, дарамталсан. Ажлаа сайн хийхгүй бол хална, солино гэсэн асуудал байсхийгээд үүсдэг. Тэр бүрт би ажлаа сайн хийж байсан учраас асуудал намжиж байсан. Би шүүхдэнэ. Энэ бүхэн юунаас үүдэв гэж харлаа. Нэгдүгээр сараас хойш эмийн асуудал үүссэн.
Хавдрын эмийг хандиваар оруулж ирэхээр болсон. Хандиваар оруулж ирж байгаатай холбоотой 500 сая төгрөг тушаахыг надаас шаардсан. Энэ мөнгө төсөвт тусгагдаагүй. Хоёрдугаарт, ЭМЯ болон уул уурхайн нэг компаний хооронд байгуулсан гэрээ байсан. Төсвийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг хуулийн дагуу хийгээгүй. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан намайг өрөөндөө дуудаж асууж байсан. Хуулийн дагуу явна гэдгээ хэлсэн. Сайдад заавал өөрийн нь хүссэн зүйлийг хуультай, хуульгүй хийдэг хүн л хэрэгтэй байсан юм шиг байна. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлаа хичээж хийсэн. Хамтран энэ салбарын төлөө ажилласан бүх хүмүүстээ баярлалаа. Надад Т.Мөнхсайхан сайдтай муудалцсан зүйл байхгүй. Харин Ж.Чинбүрэн гишүүний нөлөө бүхий хүнийг халдвараас холдуулж, өөрийн нөлөөллөө бий болгоё гэж бодсон бололтой. Надад бол улс төрийн асуудал байхгүй ээ. Н.Эрдэнэхүү халагдсан юм чинь хавдрын тусламж үйлчилгээ сайн явах байх аа.
Эрүүл мэндийн даатгалын санд сүүлийн жилүүдэд жил бүр 280-350 тэрбумын өр үүссэн. Иргэдэд очих ёстой эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 30-40 хувиар бууруулж байж ЭМД-ын сангийн өрийг төлж байгаа нь буруу. Намайг ажлаас халсан нь үндэслэлгүй учир би шүүхдэнэ. Гарсан хохирлыг буруутай этгээд нь нөхөн төлөх ёстой" хэмээлээ.