ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монголын төр, МАН хоёр Д.Загджавт ямар өртэй юм бэ

O.Admin
21 цагийн өмнө

"Тэнэгэрлийн эхний шинж тэмдэг нь ичихээ болих" гэдэг юм билээ. Тэгвэл нас өндөр гарсан хойноо яг энэ үгний тодорхойлолтод бүрэн нийцэж яваа хүн бол Д.Загджав. Алтан загасны эмгэн аятай энэ хүн МАН-аас бас Монголын төрөөс насан туршдаа албан тушаал авав. Хамаг л гайгүй гэсэн албан тушаал бүхэнд МАН-ынхан өртэй юм шиг энэ хүнийг томилж "эрхлүүлсэн".

Инженер, эдийн засагч, цэргийн гээд олон мэргэжилтэй гэх намтартай энэ эрхэм Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даргаар ажилласан хэсэгхэн хугацаандаа өөртөө "Бригадын генерал" цол олгуулж шившгээ хутгаж байлаа. Насаараа энэ салбарт ажилласан хүмүүс ч авч чадаагүй цолыг найздаа олгосон хэмээн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч буруутгал зүүж, хоригдол оргосон, нас барсан гэх олон асуудлаас үүдэж арайхийн ШШГЕГ-аас бууриа сэлгэсэн.

Гэсэн ч төд удалгүй Үндэсний аудитын байгууллагад орлогч даргын үүрэг гүйцэтгэгчээр очсон бөгөөд 2024 оны тавдугаар сарын 31-ний өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий аудиторын албан тушаалд дэвшин томилогдсон юм. Ёстой л даргын даллагатай гэчихвэл үнэнээс хол зөрөхгүй. ЕТГ-ын дарга Г.Занданшатартай тун дотно нөхөрлөдөг гэх ховонд ордог энэ эрхэм дахиад л шуугиан тарьсан асуудалд хутгалдсан нь ердөө жил гаруйхан энэ байгууллагад ажиллаад нөгөөх л сайн найзаасаа “Төрийн аудитын тэргүүн түшээгийн тэргүүн зэрэг дэв” гэсэн цол хүртжээ.

Аудитын тухай хуулийн 25 дугаар зүйлд аудитын албан хаагчдын зэрэг дэвийг хуульчилж өгснөөр Ерөнхий аудитор хүн энэ зэрэг дэв цолыг авах ёстой ч гэлээ жил ч хүрэхгүй ажиллачихаад өөрт наалдах албан тушаал, зэрэг дэв болгоныг нааж гүйгээд яваа энэ эрхэмд ичих булчирхай гэж даанч байхгүй бололтой.

Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайдаар хэсэгхэн ажиллахдаа гадаадад очиж казино тоглосон хэрэгт холбогдож байсан, жил гаруйхан хууль сахиулах байгууллагад ажиллаад найзаасаа “Бригадын генерал” цол авч байсан гээд эрхлэх найзтай, эрх мэдэлд дуртай энэ эрхэмд Монголын төр өргүй байлтай.

"Хүндэт өвгөн ах минь хүрээд ирэв үү” бас хэмээн алтан загасны эмгэн дээр гардаг шиг албан тушаалын далллагатай, айж ичихээ умартсан энэ мэт хүмүүсээсээ МАН хэзээ салах хэрэг вэ. Хийх зүйлээ хийж, авах зүйлээ авч, насаараа даргын албанд “эрхэлсэн” өвөө нар хэзээ залуу үедээ зайгаа тавьж, жудаггүй энэ мэт үйлдлээсээ ичиж амьдардаг болох вэ. Д.Загджавт МАН тэр дундаа ЕТГ-ынхан ямар өртэй болоод насаараа энэ байгууллагад зүтгэж, нэгэн насны амьдралаа зориулсан хүмүүсийн мөрөөдөөд ч хүрч чадахгүй гавьяа шагнал бүрээр гайхтал шагнадаг хэрэг вэ.