УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр төсөвт тодотгол хийх хэрэгтэй, төсвийн сахилга бат чухал гэдгийг онцоллоо.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэлэхдээ "Гурван том төслийг төсвөөс гаргах асуудал аль, алиных нь зөв л дөө. Мэдээж том төслүүдээ явуулчихмаар байгаа. Газрын тосны үйлдвэртэй болчихмоор байгаа. Гэхдээ дундын шийдлийг би төсөвт тодотгол хийх гэж харж байгаа. Төсөвтэй холбоотой аливаа зохицуулалтыг УИХ-д зөвхөн Засгийн газраас өргөн мэдүүлэх үүрэгтэй. Энэ зөрчигдөж байна. Нэр бүхий гишүүдийн санаачилсан хууль УИХ-аар орж ирээд батлагдвал Үндсэн хуулийн зөрчил рүү явах юм билээ. Монголчууд бидний зорилго бол том төслүүдээ хөдөлгөх ч гэлээ төсвийн тодотголоо оруулаад л ирчих л дээ.
Гэтэл нэр бүхий гишүүдтэй уулзаад явсан чинь Ерөнхийлөгчийн захиалгатай хууль учраас дэмжиж байгаа гэж ярьж байна. 01 залгаж, мессеж бичлээ гээд үзүүлж байх юм. Дөнгөж саяхан л 2025 оны төсвийн төслийг алдагдалтай гээд Ерөнхийлөгч хориг тавьсан биз дээ. Одоо үүнийгээ алдаатай гэж үзэж байгаа юм уу. ЕТГ үүнд байр сууриа илэрхийлэх байх. Сангийн сайд мөн захиалсан бол ярих ёстой. Гишүүд өөрсдөө ч санаачилсан байхыг үгүйсгэхгүй. Эцсийн дүндээ хэн захиалсан гэхээс илүүтэй зөв шийдвэр гаргах л чухал шүү дээ. Төсвийн сахилга бат чухал байна. Эдийн засгийн эрсдэл үүсэх гээд байна шүү гэж хэлсэн гишүүнийг гар, хөл боллоо гэж дайрч доромжлох шаардлагагүй. Нэгнээ дайрч доромжлоод байх шаардлагагүй.
Төрийн урсгал зардал арай л дэндүү байна. Орон тоо хэмжээ хязгааргүй нэмэгдэж байгаа. Үндсэндээ татвар төлөгчид төрийн албаны тансаглал, төрийн албаны бүдүүн бүтцийг тэжээхийн төлөө татвар төлж байна шүү дээ. Татварын хувь хэмжээ буурах шинж гарахгүй юм байна. Ерөнхий сайд энэ ондоо багтааж багц хуулийг оруулж ирнэ, татварыг бууруулна гэсэн ч гарц лав харагдахгүй байна.
Ний нуугүй хэлэхэд мань мэт нь боломжтой ч гэсэн LEXUS-600 машиныг барааг үзээгүй. Гэтэл төр LEXUS-700-г хэд гурваар нь худалдаж авч байна. Гадаад томилолт, үргүй зардал, бүтцийн өөрчлөлтийг халахаас өөр аргагүй болсон. Төрийн урсгал зардлаа танахгүй бол болохгүй нь ээ. Дөнгөж өчигдөр Засгийн газар байр сууриа илэрхийлж, төрийн зарим чиг үүргийг хувьчилна гэлээ. 10 их наядын хэмнэлт гарна гэлээ. Үүнийгээ хурдан хий л дээ. Нүүрсний үнийн уналт маш их байна. Маш өндөр татвар тавьчихаад аж ахуйн нэгжийн үйлдвэрлэж, олсныг зарж чадахгүй байна шүү дээ" хэмээлээ.