ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: Санааг нь чилээсэндээ ард түмнээсээ уучлалт гуйж байна

O.Admin
3 цагийн өмнө

Нийслэлийн шуурхай хуралдааны бүрэлдэхүүн өнөөдөр Туулын хурдны замын бүтээн байгуулалтын орчимд ажиллах үеэр сэтгүүлчид Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнээс хүүгийнх нь асуудлаар тайлбар авав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Говийн бүсэд ажиллаж байхад ийм зүйл болсон. Ирээд хүүтэйгээ илэн далангүй ярилцсан. Манай хүү 23 настай. Нас биед хүрсэн хүн. Найз охинтой болсон нь үнэн. Найз охиных нь ар гэр, аав ээжтэй уулзаж танилцаж амжаагүй яваа. Хүнд хайр сэтгэлтэй болж, сүйн бөгж бэлэглэсэн юм билээ. Түүнд нь хүндэтгэлтэй хандаж байгаа. Хүүдээ хэлсэн. Хүн бүхэн хуулийн өмнө ижил тэгш байх ёстой, орлогоо ч нотлох ёстой. Хүүгийн тухайд надад ямар нэг байдлаар мөнгө хэрэгтэй байна, сүйн бөгж өгөх гэж байгаа гэдэг зүйл яриагүй. Найз охиных нь аав, ээжтэй танилцана.

Ер нь та бүхэн эхнээсээ манай гэр бүлтэй танилцаж буй бололтой. Хүн амьтны нүдэнд харагдав гэх мэтээр үглээд байсан нь буруу ч юм шиг. Насанд хүрсэн хүн өөрийнхөөрөө танигдаад явах нь зөв байх. Манай хүү аялах дуртай, аялал жуулчлалын чиглэлээр сурах сонирхолтой, студийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй, Херотой хамтарч ажиллах хүсэлтэй тийм хүүхэд. Миний хүү Хүлэг, Херо гэсэн надад байдаг хоёр компани дээр контент хийгээд явдаг. Хувь хүнийх нь хувьд би хүүгийнхээ хувийн орон зайд халдахгүй.

Гэхдээ орлогоо нотолж чадахгүй бол сүйн бөгж байсан ч хураалгах л ёстой зүйл. Олон нийтийг талцуулах ийм зүйл болсонд уучлалт гуйж байна. Авлигын ялын бодлогыг бид чангатгасан. Төрд ажиллаж байгаа өндөр албан тушаалтнууд орлогоо нотолж чадахгүй бол хөрөнгөө хураалгана. Цаашдаа энэ хууль батлагдчихвал юмс нэг талдаа гарна.

Төрд ажиллаж буй албан тушаалтнуудын гэр бүл нь хувь хүний орлогын албан татвараа бүрдүүлдэг болсноор юмс ил болно. Би бүх орлогоо шалгуулна. Нээлттэй олон нийтэд тайлагнах болно. Мөн олон нийт өнөөдөр шахаж байгаа шиг 2-3 салангид хууль нэгдэж нэг бүхэл хууль болно. Бүх хүн орлого олох эрхтэй. Гэхдээ хуулийн дагуу. Хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүй. Нотолж чадахгүй бол улсын орлого болно. Нийгэмчлэх гэж байгаа гэсэн тийм асуудал байхгүй ээ. Хүү бөгж авсан. Бусад зүйлс нь надад хамаагүй гэсэн. Хуулийн байгууллага шалгаад гаргаад ирэх байх. Эрдэнэт, Тавантолгой, Хөгжлийн банк, Баялгийн сан, том төслүүд өөрөө том эрх ашгийг хөндөж байгаа.

Хувь хүний хувьд олон хүнийг гомдоож, олон эрх ашгийг зөрчсөн. Тийм ч учраас туйлын болгоомжтой аливаа асуудалд хандана. Намайг янз бүрээр л хэлж байна. Данх ч гэж доромжлууллаа. Гэр бүл рүү маань орж ирлээ. Хүүхэд, гэр бүлийн гишүүд маань бүр илүү болгоомжтой амьдрах ёстойг ойлгосон байх. 20 жилийн хугацаанд гацсан нэг номерт эрэмбэлэгдэх төсөл хөдлөхтэй зэрэгцэн ийм асуудал өрнөсөн нь хаа, хаанаа хэрсүү байхыг ойлгуулсан болов уу. Ийм эрх ашгаас үүдэн төсөл гацдаг, ямар нэг байдлаар гацаа үүсдэг юм байна. Тавантолгойн 51 хувийг MMC компани авахаар хэлцэл хийчихсэн байсныг бид Шанхайд уулзахдаа гаргахаар тохирч, хоёр төрийн өмчит компани, хоёр Засгийн газар тохирохоор яриад ирсэн юм. Олон улсын хэлцэл болгоод шийдье гэсэн. Гэтэл хэлэлцүүлэг эхнээсээ задарч, төсвийн асуудлаар ямар улстөрчид яаж улс төр хийснийг та бүхэн санаарай. Харбинд гэрээ зурж байхад угаартаж амиа алдсан хүүгийн гэр бүлийн асуудал сөхөгдөж эхэлсэн.

Бас л том улс төр хөндөгдсөн. Гэтэл хүүгийн гэр бүл 10 гаруй хоногийн өмнө амиа алдсан байсан юм билээ. Тодорхой зохион байгуулалттай өрнүүлснийг санаж байгаа байх. Өнөөдрийн энэ асуудал анхаарал хандуулах чухал асуудал хэдий ч тавдугаар сарын 14-ний өдөр буюу бүтээн байгуулалт эхлэхтэй зэрэгцэн давхцууллаа. Олон улсын гэрээ, улс төр тогтвортой байх чадах уу гэдэгтэй давхцаж буй юм. Олон нийт эндээс хэрсүү л байх учиртай. Ард түмнээсээ би дахиад уучлалт гуйя. Сэтгэл санааг нь чилээсэнд уучлаарай.

Гэхдээ надтай холбоотой сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг олдвол би бүрэн хариуцлага хүлээнэ. Надад хэзээ нэг өдөр цохилт ирнэ гэдгийг би бүрэн ойлгож яваа. Гэхдээ одоо явж байгаа хууль, эрхзүйн орчинг зориудаар улс төрд ашиглах гэж байгаа ялаануудад хандаж хэлэхэд “Та нар яагаад ч миний үзэл санаа, итгэл үнэмшил, тэмцлийг бөхөөж чадахгүй. Энэ бүхний эсрэг эцсийн мөч хүртлээ хатуугаас хатуу явна” хэмээлээ.