Хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх буюу АН, ХҮН-ыг Засгийн газраас гаргах эсэх асуудлыг 15.00 цагт хуралдах МАН-ын Бага хурлаар хэлэлцэх гэж байна. Мөн ХҮН-ын Удирдах зөвлөл 17.30 цагт хурлаа зарласан бол АН-ынхан ҮБХ-ны хурлаа мөн үдээс хойш зарлаад байна. Энэ асуудлаар АН-ын дарга Лу.Гантөмөрийн илэрхийлсэн байр суурийг хүргэе.
Тэрбээр, “Бид Монголын эрх ашгийг нэгдүгээрт тавьж, намынхаа эрх ашгийг хоёрдугаарт тавьж яваа. Хувь хүмүүсийн эрх ашиг бол гуравдугаарх зүйл шүү. Хамтарсан Засгийн газрыг байгуулсан энэ эрх ашгаас хэзээ ч урвахгүй. АН ч гэсэн энэ байр сууриа хамгаалж чадсан. МАН-ын нэр бүхий гишүүд АН-ын хэсэг бүлэг гишүүд хамтралын эсрэг зогсож байгаа учраас хамтралаа эргээд ярилцах гэж байгаа юм байна. шийдвэр яаж гарахыг хүлээж байна. Шийдвэрт нөлөөлөхийг ч хүсэхгүй байна. Монголчууд ядуу хэвээр үлдэх, Монголын асуудал шийдэгдэхгүй үлдэх, орон сууцжуулах хөтөлбөр, Улаанбаатарын утаа хэвээр үлдэх хариуцлагыг хэн үүрэх вэ буюу Монгол Улсын эрх ашгийг бодож байна уу гэдгээ эргэж хараад дүгнэлтээ гаргах байх.
Миний сонсож байгаагаар “АН бэхжих ёстой юм байна. Хамтарсан мөртлөө гишүүд нь эсэргүүцээд байна” гэдэг зүйлийг ярьж байгаа юм билээ. АН олон ургальч үзэлтэй. Өөрийнх нь засаг байсан ч шүүмжлэлээ хэлдэг. Өөрийнхөө өнгө төрхөөр л байгаа юм. Энийг МАН ойлгож хүлээж авч сурах хэрэгтэй. Хамтарсан гэдэг нь намын гишүүдийнхээ амыг барина гэсэн үг биш. Улсынхаа эрх ашгийг бодож л ажиллаж байна. Улс төрийн өргөтгөсөн зөвлөлөөр асуудлаа бид ярина аа.
Бид итгэл үнэмшлээрээ буюу улсынхаа эрх ашгийн төлөө хамтарсан юм. Улсын эрх ашгаас урвасан тохиолдолд хамтрал задрах ёстой. Улсын эрх ашгаас урваад намын эрх ашиг, тодорхой хүмүүсийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргаж байгаа бол цаашаа явна. АН засагт байлгаад өгөөч гэж хэзээ ч гуйхгүй. 2024-2028 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж байна. АН хоёр удаа л завсарлага авсан. Энэ хугацаанд хэзээ ч төрийн бодлогыг гацаахын төлөө улс төр хийгээгүй. 2026 онд чөлөөт эдийн засгийг цогцлооё гэдэг хөгжлийн төлөвлөгөө бид оруулж ирсэн. Бизнес эрхэлж буй хүмүүс нь татварын дарамтгүй, эрх чөлөөтэй байх өөрчлөлтийг хийхээр шулуудаж нотлогдохгүй орлогыг хураах хуулийг хүртэл өнөөдөр УИХ-д өргөн барилаа.
Бид хүмүүсийг хэлмэгдүүлэхгүй. Авлига авсан байж болзошгүй хүмүүсээ л хязгаарлах тухай хууль. Хэлмэгдүүлэлт болчих вий гэсэн зүйл рүү явуулахгүйн тулд нэлээд нарийвчилж өглөө. Би маш бардам байгаа. Монголын шийдэгдэхгүй олон асуудлыг бид гараанаас гаргалаа. Гурван сая хүний амьдрал өөдлөхгүй байгаа учраас бид хамтарсан. Эрчим хүчний мөнгөө босголоо. Хил холболтын төмөр замаа хөдөлгөлөө. Шатахуунтай болох хөрөнгийг эцэслэж өглөө. Нүүрс, химийн үйлдвэрийн эхлэлээ тавилаа. Уранаа хөдөлгөлөө.
Монгол Улс хөгжиж дэвших суурийг бүтээх эхлэл тавьсан ч харамсалтай нь энэ бүхэн тасалдах эхлэл их ойрхон ирлээ. 10 жилийн гацаасан ажлыг 10 сард эхлүүлснийг түүх өөрөө ярих байх аа. Засаглалын хямрал руу бид хамтдаа гулсаж байна. Эв эеийн ухаанаа алдсан байсан орчин руугаа буцаад орно оо. Хамтарсан Засгийн газрын шийдвэр эцэслэсний дараа бид үгээ хэлнэ. Эв эеийг эрхэмлэх учиртай энэ ойлголцлоо хадгалж явахыг хичээнэ биз гэж, МАН-ынханд хэлье. Зодоон бол Монгол Улсыг хуваана. Айл гэр рүү орж, ажлын бүтээмжийг унагадаг юм. АН-ынхан эв эеийг сахидаг юм шүү. Манай нам ч олон талаас нь ярих байх.
Бид гишүүдийнхээ үгийг хорихгүй. Хоёр жилийн өмнө АН-ынхан хоёр хуваагдчихсан байсан. Энэ зовлонгийн ард гарсан хүмүүс асуудлаа ойлголцчих байх аа. Сөрөг хүчин боллоо гэхэд шүүмжлэлтэй хандах хандлага нэмэгдэх байх. Гэхдээ улс орны эрх ашгийг нухчин дарах улс төр битгий хийгээсэй. Асуудал шийдэгдсэний дараа олон хүн дуугарах байх. Монголын зовлон бол баялгийн хараал юм шүү дээ. Буруу сэвэлт бүхэн ардаа эзэнтэй байгаа шүү. Засгийг унагахын төлөөх сэдэв бүхэн ардаа троллтой байна. Би сэдвийн тухай ярьсан" хэмээн байр сууриа илэрхийллээ.