ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Лу.Гантөмөр: Эв эеийг хичээх хүн АН-ын дарга болоод явах байх

O.Admin
8 цагийн өмнө

Хамтарсан Засгийн газраас “хөөгдөж” буй АН-ын дарга Лу.Гантөмөр намын даргын ажлаа өгнө хэмээн мэдэгдэв. Тэрбээр, “Гарын үсэг гурван хүн л зурсан. Гурван хүний саналаар шийдэгддэг төр гэж юу байдаг юм. МАН улсынхаа эрх ашгийг уландаа гишгэх шийдвэр гаргалаа. Хоёрдугаарт, манай намыг гүтгэлээ. Жоохон ч гэсэн тал үнэнийг ярь л даа. Ч.Лодойсамбуу үг хэлж байна гэж огцордог төр засаг гэж юу байдаг юм. МАН дотроос ч үгээ хэлэх улстөрч нар гарч ирнэ.

Тэр болгонд засгаа огцруулаад байх юм уу. Их хурлын гишүүний амыг барина гэдэг гэрээ хаана байдаг юм. АН гэрээгээ зөрчлөө гэдэг гүтгэлгээ одоо зогсоо. Үнэн байдлынхаа ядахдаа 50 хувийг ярь л даа. Би намын хурлаас өмнө хатуу байр сууриа илэрхийлсэн. Ажлаа дуусгая гэдгээ хэлсэн. МАН хуучин төрхөө харуулж байна. ямар ч итгэлгүй болж байна. Бид Засгийн газарт ажиллахгүй. Сөрөг хүчнээ хийгээд явна. Монгол төрийн эрх ашгийг улдаж эсэргүүцсэн улс төр хийхгүй байхыг би намынхнаасаа хүснэ.

Манай улс төр дандаа ард түмнээ хорлож байдаг шүү дээ. бид 35 жил хэрэлдлээ. Улс маань ямар байна. Парламентын засаглалыг хамгаалахын төлөө би улс төрийг зуралцсан. Улс төрийн зөвлөлдөө би “Намын даргын ажлаа өгнө” гэдгээ танилцуулаад гарч ирлээ. Хэрхэн цаашаа явах вэ гэдэг дээр Ерөнхий сайдтай уулзана. Цуцалсан тохиолдолд хамтын хариуцлагатай гэдэг заалт бий.

Албан тушаалд шунасан хүмүүсийн бодол ухаанаар төр бутарлаа. О.Алтангэрэл сайдын өргөн барьсан төслийг батлуулах ёстой. Төрийн өмчит компаниудын цомхотгол, төрийн албаны цомхон байлгах амбийц олон хүмүүсийн дургүйг хүргэсэн байх. Хил холболтын төслөө цааш үргэлжлүүлэх ёстой. Монгол Улс хөгжлийн зам дээр гарч чадсан. Замаа одоо сольж болохгүй. Их хадуурч болохгүй.

Дөрвөн жилийн Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлээсэй. ХҮН одоо засагтаа үлдэж, цаашаа явах ёстой. Тэнд хяналт байх ёстой юм билээ. Монголын парламент урт хугацаандаа хамтарч байж явах ёстой гэдгийг ойлгоно. Харамсалтай нь их урт хугацаа зарцуулах бололтой. 66 хувь нь улсынхаа хөгжлөөс ухарч, 34 хувь нь улс орны хөгжил шинэчлэлийн төлөө зогсжээ гэж харж байна аа. Эв эеийг сахиж чадах ухаантай хүн АН-ыг цааш аваад явах байх аа. Намын гурван гишүүнээ хөөх тухай ярихгүй. Үг хэлэх эрх нь тэдэнд байгаа. Гэхдээ намын жагсаалтаар орж ирчихээд намынхаа эсрэг явдаг энэ асуудлыг бол ярих ёстой юм байна. Дараа, дараагийн сонгуулиа яриад явах байх" хэмээжээ.