ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Учрал: Л.Оюун-Эрдэний Засгийн газар одоо ч ажлаа хийж байна

O.Admin
8 цагийн өмнө

Дараагийн Ерөнхий сайдад нэр нь яригдаж буй хүмүүсийн нэг болох ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Би энэ Засгийн газрын сайд. Төрийн ажил тасралтгүй явах ёстой гэдэг үүднээс өнөөдөр ч бид ажлаа хийж байна. Тиймээс хүндэтгэлтэй хандана уу. Миний хувьд Франц улсад томилолтоор яваад ирлээ. Өчигдөр Бага хуралдаа суусан. Бага хурлын шийдвэр гарсан. Ийм л мэдээлэлтэй байна. Хувь хүний байр суурь, дүгнэлт хийх нь боломжгүй зүйл. Тодорхой тайлбар хэлэхгүй.

Би өөрөө энэ танхимын сайд учраас тайлбар хийгээд зогсож байх нь утгагүй зүйл. Намын Бага хурлын гишүүдээс олон удаа гомдол санал ирсэн. Орон нутагт улстөрждөг, талцаж хуваагддаг хэвээр байна. Нэг танхимд хамтраад сууж байгаа атлаа бодлого шийдэл явуулахгүй гэж гацааж байна гэсэн гомдол санал олон ирсэн. Илэрхийлсэн саналуудыг үндэслээд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас тодорхой саналууд илгээж байсан ч хариу ирээгүй юм билээ. Манай нам системтэй, бие даасан институци.

Тиймээс улс төрийн шийдвэр гаргасныг дагаад явдаг дүрэмтэй нам. Л.Оюун-Эрдэний Засгийн газар өнөөдөр ажлаа хийж байна. Яриа хэлцэл огт яваагүй. Засгийн газар кабинетынхаа зарчмаар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө хамтдаа боловсруулаад явж байгаа. Одоо ч ажлаа хийгээд сууж байна. Бага хурлын гишүүд олонхийн зарчмаар шийдвэрээ гаргасан. Мега төслүүдийн үр шим ирээдүйд гарна.

Том төслүүд зогсохгүй явах ёстой. Л.Оюун-Эрдэний Засгийн газрын хийж байгаа ажил ирээдүйд үр өгөөжөө өгнө. Олон жил гацсан асуудлыг бид зөвшилцлөөр, хамтарсан байр сууриар урагшлуулж чадсан. Хамтарсан Засгийн газар улс төрийн намуудын хамгийн сайн мөрийн хөтөлбөрийг нэгтгэж боловсруулсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг цаашаа таслахгүй хэрэгжүүлээд явах ёстой” гэв. Мөн Төгрөг нуурын асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн бөгөөд тус асуудлыг шалгаж буй гэдгийг онцолж, Ухаа худаг, Төгрөг нуурын асуудалд санхүүгийн хэлэлцээ хийгдэх ёстойг онцлов.