ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарыг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
1 өдрийн өмнө

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарыг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Таалагдахгүй байна, эргэлзээтэй байна, итгэл төрөхгүй байна. МАН-ын бага хуралд ямар ч өрсөлдөөгүй нэг хүний нэр орж ирсэн. Саналын хуудсаа хөшигний ард тоолсон. Ардчилсан зарчмаар сонгодог байх зарчим алдагдсан.

Нэр дэвшигч Г.Занданшатар: Ажлын туршлага, мэдлэг боловсрол таарч байна гэсэн учраас надад ухрах зам байхгүй. Намын бага хурал дотооддоо нээлттэй явсан.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Хуурамч шатахууны хуулийг бид хамтдаа баталсан ч Үндсэн хуулийн цэцэд өгч, миний хуулийг хүчингүй болгох шийдвэр гарч, тэнд МАН-ын гишүүд бүгд дэмжсэн. Сошиалд гэхэд тэрбум төгрөг миний эсрэг зарцуулсан. Монголын хөгжилд саад болж байгаа, дэлхий дахин Евро-5-аас дээшээг хэрэглэж байхад бид Евро-2 хэрэглэж байгаа. Үүний эсрэг та хатуу тэмцээрэй.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Монгол Улс ямар байгааг дэлхийн олон улсын байгууллагууд үнэлж байна. зөвхөн сөрөг хүчин биш. Хэвлэлийн эрх чөлөө хоёр байраар ухарлаа. Авлигын индекс 50 байраар ухарлаа. Дарга анги чинь авлигад идэгдлээ. 230 мянга орчим төрийн албан хаагчдаас 20 мянга нь дарга сэтэртэй байна. Та дарга сэтэртэй хүмүүсээ цөөлөх үү. АН есхөн сайдтай, маш цомхон ажиллаж болж байсан. Төрийн өмчит компаниудыг олон нийтийн болгож хувьчлах, төрд байгаа том хөрөнгүүдийг зарах уу. Монгол Улс ардчилсан биш болж, авторитар дэглэм рүү орчихсон гэдгийг гаргаад ирлээ. Үүнийг хэрхэн үнэлж байна вэ. 100 мянган иргэн ХХОАТ-ыг нэг хувь болгох санал өгчихлөө. Та 100 мянган иргэний саналд ач холбогдол өгдгийн хувьд энэ мэт саналуудыг дэмжих үү?

Нэр дэвшигч Г.Занданшатар: 2019 оны нэмэлт өөрчлөлт парламентын ардчиллыг төгөлдөршүүлсэн. Авторитар дэглэм гэхээс илүү ардчилал илүү шинэ шатанд гарч хөгжиж байгаа. Жендерийн эрх тэгш байдлын индекс сайжирлаа, олон намын төлөөлөл парламентад орж ирлээ. Төрийн албыг илүү цомхон чадварлаг болгоход санал нэг байна. Цахим, хиймэл оюун ухаанд суурилсан тогтолцоог үүнд нэвтрүүлнэ. Улстөрчид хэвлэл мэдээллийн байгууллагыг эзэмшиж буй нь хэвлэлийн эрх чөлөөний индексийг бууруулдаг.

Хуулийн шинэчлэл хийх чиглэлд та бас хамтарч ажиллаарай. Төрийн өмчийн реформыг хэрэгжүүлнэ. Ард түмэндээ өгөөжтэй, үр ашигтай болгох чиглэлд ажиллана аа. Хамтарч хуулийн төслийг оруулж ирнэ ээ. 100 мянган иргэн гэдэг тоо тэнгэрээс аваад тавьчихаагүй. Иргэдийнхээ дуу хоолойг сонсохын тулд цахим парламентыг бий болгосон. Төсвийн орлого зарлагад нөлөөлөх хувь зэргээр татварын шударга бус байдлыг хангах зэрэг судалгааны асуудлыг эцэслэж байж ярьдаг биш хийдэг, үнэнтэй тулдаг Ерөнхий сайд байхын тулд тухайн үед асуудлаа шийдэж, бат нот болгоод оруулж ирэх болно.

УИХ-ын гишүүн Э.Золжаргал: Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих талд яаж ажиллах бол. Гуравдагч хөрш гэж бодлого яриад байгаа ч мөнгө байхгүйгээс тэр нь цаасан дээр үлдээд байна. Элчин сайдуудтайгаа хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр яаж ажиллах бол?

Нэр дэвшигч Г.Занданшатар: Гадна, дотны хөрөнгө оруулалтыг дэмжиж байж эдийн засагт шинэчлэл явах нь ойлгомжтой. 2012 оны хууль бол гадаадын хөрөнгө оруулалт хэмжээлшгүй буюу хяналтгүй байгааг хянах, лицензийг гадны зах зээлд хяналтгүй зарахыг хязгаарлаж, зөвшөөрөл авах тухай л хуулийн төсөл байсан. Тухайлбал, нэг хэвлэлийг тэр чигээр нь гадны нэг компани худалдаад авчихвал яах вэ. Энэ хуулийг тухайн үед гишүүд сонгуулиас үүдэж попруулсан. Хүчингүй болчихсон хуулиас болж өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт зогсоно гэж байхгүй. Дотоодын хөрөнгө оруулагчдаа хайрлахгүй юм бол гадных яаж орж ирэх юм. Тиймээс баялаг бүтээгчдээ дэмжих чиглэлд ажиллана. Хууль орчны тодорхой байдлыг хангаж ажиллах болно.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Хөдөө аж ахуй талдаа та ямар бодлого баримтлах вэ. Малын өвчин, жижиг дунд үйлдвэрлэл. Тэр тусмаа “Хүнсний хувьсгал” бол маш чухал шүү.

Нэр дэвшигч Г.Занданшатар: Цогц бодлогын асуудлыг шийдэх ёстой. Манай бодлого бол тодорхой байгаа. Ядахдаа ноос, ноолуураа бүрэн боловсруулаад гаргамаар байгаа юм. Ухдаг шараас ургадаг цагаан алтаа боловсруулах чиглэлд тууштай ажиллана. Тэрбум ам.доллар орж ирэх баялгаа бид орхиж байгаа нь үнэн. Нэг улсаас хамааралтай экспортын тогтолцоог өөрчилнө. Хүнсний хувьсгал, Цагаан алт хөтөлбөрийг дэмжиж ажиллана.