ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Баянгол дүүргийн шуурхай хуралдаан болж, хэд хэдэн асуудлыг шийдвэрлэв

O.Admin
5 цагийн өмнө

Баянгол дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулжээ.

Өнгөрсөн удаагийн шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт 83,5 хувьтай байна. Иймд дутуу хэрэгжилттэй үүрэг даалгаврын биелэлтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо. Мөн цаг үеийн асуудлаар дүүргийн ЗДТГ болон дэргэдэх байгууллагын удирдлагууд мэдээлэл өгсөн аж.

Тухайлбал, төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэх зорилгоор дүүргийн 34 хороонд “ХУРДАН” 24/7 гэрэгэ киоск машиныг суурилуулахаар болсон. Энэ ажлын хүрээнд хороо тус бүр хүний нөөц зэрэг холбогдох бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Мөн гэр хорооллын хоёр байршилд Ахуй үйлчилгээний төв барихтай холбоотойгоор газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаар боллоо. Түүнчлэн өчигдөр орсон борооноос үүдэн зам, талбай үерийн далан суваг, шуудуу болон борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэхийг үүрэг болголоо.

Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг танилцуулж дараах үүрэг даалгаврыг өглөө.

Үүнд: 

-Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хороодын ажлын уялдаа холбоог хангаж, нэгдсэн төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлыг сайтар хангаж, газар дээр нь явж танилцах

-“Хотын иргэдийн баяр-Хүрээ даншиг” наадмын нэгдсэн арга хэмжээг сайтар зохион байгуулж, иргэд, олон нийтийн аюулгүй байдал, худалдаа үйлчилгээнд онцгой анхаарч ажиллах,

-Япон улсын Эзэн хаан нийслэл, Улаанбаатар хотод айлчлахтай холбогдуулан бэлтгэл ажлыг хангаж, авто зам, гудамж, замын тохижилтын ажлуудтай газар дээр нь явж танилцах,

-Явган хүний замын тохижилтын ажлыг эрчимжүүлж, газар дээр нь ажиллаж, хэрэгжилтэд хяналт тавих. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийг эрчимжүүлэх,

-Замын хөдөлгөөний хяналтын камерын бүртгэж байгаа зөрчлийн арга хэмжээг чанаржуулж, авто замын тэмдэг, тэмдэглээг стандартад нийцүүлэн шинэчлэх ажлыг эрчимжүүлэх,

-Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа авто замын нүүрний эгнээн дэх дугуй засвар, тос, тосолгоо, вьетнам засварын газруудыг нэгдсэн журмаар цэгцлэх ажлыг зохион байгуулах,

-Нийслэлийн Байгаль орчны газраас хог хаягдлын Улсын байцаагчийн сонгон шалгаруулалтыг зарласан тул хороод хүмүүсээ оролцуулах.

- Энхтайваны өргөн чөлөөний зам дагуу явган хүний замын хуучин хавтанг шаардлагатай байршлуудад дахин ашиглах асуудлыг тус тус хэлэлцлээ хэмээн Баянгол дүүргийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.