“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн институцийн чадавхыг бэхжүүлэх” төслийн албан ёсны нээлт өнөөдөр /2025.06.24/ боллоо. Үйл ажиллагааг нээж Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагаа хариуцсан хэлтсийн дарга ноён Том Корри, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул нар үг хэллээ.
Ноён Том Корри, "Европын Холбоонд хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн хяналтын чиглэлээр олон жилийн турш хэрэгжүүлсэн туршлагаас олж авсан туршлага нь Монгол Улсын ажлын байрны аюулгүй байдлыг сайжруулахад ихээхэн дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Европын холбооны санхүүжилттэй техникийн хамтын ажиллагааны SOCIEUX+ хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн институцийг бэхжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлын тогтолцоог өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаадаа бид баяртай байна" хэмээсэн юм.
Төслийн хүрээнд хууль тогтоомжийн шинэчлэлийг дэмжих, хөдөлмөрийн хяналтын чадавхийг сайжруулах, ХАБЭА-н талаарх үндэсний мэдлэгийг дээшлүүлэх, ОУХБ-ын конвенцууд болох хөдөлмөрийн хяналтын тухай 81, 129 дүгээр конвенцуудыг соёрхон батлахад дэмжлэг үзүүлэх зэрэг ажлууд багтаж байна.
Ажлын байрны аюулгүй байдал нь зөвхөн хуулиар хүлээсэн үүрэг биш бөгөөд хөрөнгө оруулалт, урт хугацааны амжилт юм. Европын холбооны хувьд энэ нь эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндэс суурь болдог хэмээн мэргэжилтнүүд онцолсон юм