Уул усны диваажин Увс нутгаар овоглодог сэтгүүлчид хоёр жил гаруйн өмнөөс нэгдэж нягтран, холбоо байгуулах үед “Тал бичээч” хэмээх Да.Жаргалсайхан ах маань урилга илгээснээр нутгийнхаа төлөө гэсэн сэтгэл зүрхтэй, халуун сэтгэлтэй 80 гаруй сэтгүүлчдээр эгнээгээ бүрдүүлсэн халуун ам бүлийн нэг хэсэг болох завшаан тохиож байв.
Анхны уулзалтаасаа эхлээд л “Нутаг орныхоо хөгжил дэвшлийн төлөө бидний хийж чадах зүйл юу байх вэ. Алс баруун хязгаарын ард олны төлөө бидний дуугарах өнцөг, сэдэв нь ямар байх вэ” хэмээн ярилцаж, хоёргүй сэтгэлээр ажиллаж ирсэн билээ. Заримдаа ажлын завгүй хуваариас болоод уулзалт бүрт нь очиж чадахгүй ч завгүй нэгнээ нөгөө хэсэг нь орлож, заримдаа хамтдаа шижигнэтэл ажилласаар нэг мэдэхэд хоёр жил гаруйн хугацаа өнгөрчихөж.
Нутгийнхаа шинэ жилийн цэнгүүн, 100 жилийн ойг угтсан хандивын арга хэмжээ, Увс нутгаас төрөн гарсан бизнесмэн хийгээд ЖДҮ эрхлэгчид, малчид, тариаланчид, бөхчүүд, урлагийнхан гээд хүн бүхний амжилтыг уухайлж, ард нь дэм тус болохсон гэсэн чин сэтгэлээр нэгдсэн бидний нөхдийг “Цахиур.мн” сайтын эрхлэгч Ц.Анхзул маань удирдан чиглүүлж, чин шударгаар чигч зарчмаар залж явдаг юм.
Ийнхүү нутаг орныхоо хөгжлийн төлөө гэсэн нэгэн хүслийн дор эвлэлдэн нэгдсэн сэтгүүлчдийн төлөөллийг Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал, ИТХ-ын дарга П.Баттулга, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат Б.Баасандорж тэргүүтэй хүмүүс хүлээж авч уулзан, “Нутгийнхаа 100 жилийн ойг ирж сурвалжлаач, олон нийтэд сайн сайхныг нь түгээж, саар асуудалд нь дуу хоолойгоо өргөж, хамтран ажиллаач” хэмээн урилга өгсний дагуу 25 жилийн дараа нутгаа зорих том даалгавар өвөртлөн 2025 оны долдугаар сарын 26-ний өдөр догдлол дүүрэн аян замдаа гарав.
Наранбулагийн налгар дэнжээр аргал хормойлон дэгдэн гүйж, сургуулийн гаднах намхан шавар хашаан дээгүүр нь хичээлийн завсарлагаанаар хэн нь удаан тэнцвэр олж гүйж чадах вэ гэдгээ шалгацгаан уралдаж, сумын эмнэлгийн ардхан байрлах хүрэн худагнаас ус авахаар хичээлээ тараад л бидон бариад гардаг ч өдөржин элсээр тоглож, орой нар жаргах цагтай уралдан гэртээ харьж, ижий ааваасаа зэмлэл сонсох ч маргааш дахин уулзахдаа илүү шинэ, содон тоглоомоор тоглох “болзоо”-гоо зүүдлэн инээмсэглэн унтдаг байсан хүүхэд насаа дурсан цэнхэр тэнгэрийн орноо зорин довтолгож яваа минь зүүд ч юм шиг.
Завханы Сонгино сум өнгөрч, Увс аймгийн Зүүнхангай сумын нутаг өнгийхтэй зэрэгцэн “Увс аймаг” гэсэн хөшөөний дэргэд өргөө цагаан гэрүүд барьж, алс холоос Увс нутгийг зорин ирж яваа хүндэт зочдоо угтан авч байх ажээ. Тэр дотно дулаахан сэтгэлийг хараад л хоолойд нэг юм торчихов.
Хүчтэйхэн амьсгал авчихъя гэхнээ цээжин дээр бөглөрчихөөд ер гадагшлахгүй юм. Хүүхэд ахуй насныхаа дурсамжийг ижийтэйгээ хуучилъя гэхнээ хоолой зангираад үг гарсангүй. Танил дотно дов сондуул, алсад зэрэглээтэн харагдах айлын барааг чимээгүйхэн ширтэж явсаар Хяргас нуур цэлийтэл нүдний өмнө гараад ирэхтэй зэрэгцэн өнөөх бачуурал, зангирал нулимс болон гадагшлах нь тэр. 13-хан настай жаахан охин ижий, аавыгаа дагаад ах, эгч, дүү нартайгаа хамт “Зил-130” машины тэвшин дээрээс цэлмэг нуурандаа, цэнхэр тэнгэртээ, алсад хөхрөн харагдах Ханхөхийн уулсдаа баяртай гэж хэлснээс хойш хэдийнэ 25 жил өнгөрчээ.
Насаараа хайрлах Наранбулаг минь
Говь, хангай хосолсон уудам цэлгэр нутгаас ижийнхээ төрсөн нутаг Хөвсгөлийн хөглөгөр их уулсыг 2000 оны эхээр зорьсон бид амьдралд хөлөө олох, ажил хөдөлмөрт шамдах, эрдэм сурч, ихийг хийж бүтээх гэсэн хүслээр завгүй бас дахин завгүй он жилүүдийг өнгөрөөжээ.
Аймаг дамжиж явах замын унаа ховор цагт ижий, аав маань л нутгаа хаа нэг зорьсноос биш хүүхдүүд бидэнд тэр болгон давхиж очоод байх боломж байгаагүй хэрэг. Харин ажил хөдөлмөрийн гараанд гарч дахиад л завгүй хэмнэлд уусаж, их хотын нүргээнт амьдралд хөлөө олох гэж тэмтчиж явах үедээ аавыгаа бурханд үдсэнээс хойш нутгийн тухай гэгээн дурсамж, нутгаа зорихсон, очихсон гэсэн хүсэл, тэмүүллээ тархиныхаа тээр цаана албаар “түгжиж” орхисон юм.
Аавгүй нутаг амьгүй мэт, аавгүйгээр авга нарыгаа зорьж очих минь гэмшил юм шиг санагдсан учраас тэр. Харин тэрхүү гэмшил нутгийнхаа захад очихтой зэрэгцэн намайг ээрч, дотроос минь бачууруулж байсан нь тэр ажээ. “Наранбулаг сум” гэсэн хаалганы дэргэд очиж зогсохдоо ханийгаа үгүйлэн үймэрч, эмтэрч яваа ижийгээ, утас цохин хүлээж суугаа ахан дүүсээ, аавтай минь дэндүү адилхан авга ах, эгч нарыгаа хямраахгүй хэмээн сэтгэлээ чангалан дүүрэн энерги цугласан налгар дэнж рүүгээ догдлон алхаж орсон тэр мэдрэмж хэчнээн гоёхон, хэчнээн доглом байв аа.
Аргал түүж явсан цэлгэр тал минь, айлаас айл дамжин хэсэж явсан танил гудамж минь, цүнхээ дүүртэл элсээр байлдаж явсан дотно сургууль минь, тэр байтугай хүүхэд насандаа хашаа даван давхиж ороод амтархан иддэг байсан авга эгчийн минь хийсэн гарын боорцог хүртэл яг л тэр чигээрээ, яг л тэр амтаараа намайг хүлээж байжээ.
Хөгжиж дэвшиж, танигдахын аргагүй өөрчлөгдсөн зүйлс ч олон байлаа. “Өнөө жил нутаг маань тун гандуухан байна даа” хэмээсээр авга эгч минь өтгөн шаргал цай, гарын боорцог, арвайн гурилаа дэлгэж, буузаа жигнэж, махаа чанасаар өчигдөрхөн салан одсон мэт халуун дотноор угтан авав, биднийг. Хөлд орсон гудамж, хөөцөлдөж тоглосон гэрийн минь буйр яг л тэр хэвээр. “Сайн явж ирэв үү. Яасан их удаж ирэв дээ, охин минь” хэмээн зэмлэх шиг санагдана. Гэрийнхээ буурин дээр өдөржин тоглож, булгийн уснаасаа ууж, хашаа болгоноор нь орж хамаг дурсамжаа онгичмоор, хэдэн өдрөөр эндээ хэвтээд өгмөөр байвч түүхт 100 жилийг угтсан үйл ажиллагаанууд хэдийнэ эхэлснийг мэдэгдэж, сэтгүүлчдийн групп завгүй бужигнаж байсан учраас яарч сандран Улаангом хотыг зорив.
“Сүхбаатарын одон”-т Увс аймаг минь танигдахын аргагүй өөрчлөгджээ
Монгол Улсын Ардын жүжигчин Самандын Жавхлангийн аав Д.Саманд агсаны
“...Гос нь далжин акаадым
Гоз нь кэвтэй нь акаадым
Аа жигтэй акаадым
Алам болноов акаадым...” гэх шүлгийг аймгийн “Уран жиргээ” тэмцээнд уншихаар Улаангом хот руу хүүхэд байхдаа нэг л удаа ирж байснаас өөрөөр аймгийн төвийг зорьж байсан нь ховор байж.
Увс нуурын хотгорын баруун урд захад, Хархираан сүрлэг уулсын бэлд, Улаануул буюу “Чандмань уул”-ын өвөрт орших Улаангом хот маань нүүрээ угаасан хүүхэд шиг л танигдахын аргагүй өөрчлөгджээ. Усны урсгал, уулсын эрчим, цэлмэг хөх тэнгэрийн өнгөтэй угтах хаалганаасаа эхлээд нутгийн ахан дүүс, зочид гийчид хамтдаа түгжирсэн ч хэн ч уурлаж бухимдахгүйгээр явсаар аймгийн төвд оройхон орж ирэв.
Хотын цэвэр цэмцгэр байдал, нэгэн жигд хээлж будсан хашаа хороо, хогоо ангилан ялгаж буй байдал гээд үнэхээр үлгэр жишээ авахуйц, туйлын хөдөлмөрч хүмүүс гэдгээ аймгийнхаа төвийн хөгжил дэвшил бүхэнд шингээсэн нь бахархмаар.
Анхлан 1686 онд байгуулагдаж, 1871 онд Дэчинравжаалин буюу Улаангом хийдийн суурь тавигдсанаас эхлэн он цаг тоологдох ч Дөрвөдийн далай хан, Зоригт хан аймгуудын 16 хошуу, Засагт хан аймгийн Ачит, Зоригт засгийн хошуу бүтнээр, Сэцэн засгийн хошууны нэг хэсгийн суурин дээр аймаг байгуулагдсан хэмээн түүхчид “Увс аймгийн түүх” номондоо өгүүлжээ. Ховдын хязгаарын их хурлыг 1925 оны арваннэгдүгээр сарын 18-наас эхлэн хуралдуулж, Чандмань уулын аймгийг байгуулж, найман хошуу, 41 сум, 115 баг, 660 арванд хуваасан ч 1931 онд дахин хоёр хувааж, Увс, Ховд аймаг болгох үед Увс аймаг нь Чандмань уулын аймгийн голомт Улаангомдоо төвлөрөн хөгжсөөр 100 жилтэй золгосон хэмээн он цагийг өртөөлөн тоолсон юмсанж.
Монгол туургатны нэгэн хэсэг Ойрад монголчуудын үр хойчис болсон Дөрвөд, Баяд, Элжигэн халх, Хотон, Сартуул, Хойд гэсэн угсаатан ястнууд эвтэй найртай хязгаар нутгаа манаж, аж төрөн амьдарч байна. 2024 оны байдлаар 20 мянган өрх, 85 мянган хүн ам тоологдсон бөгөөд хүчтэний өлгий, эрдэмтэн мэргэдийн ундарга болсон энэ л нутгаас төр, нийгмийн нэрт зүтгэлтэнүүд, Хөдөлмөрийн баатрууд, урлаг, спортын гавьяатнууд төрөн гарсан юм.
Бахархах түүхийн эзэд болсон увсчуудын төлөөлөл болох Ардын жүжигчин С.Жавхлангийн “Монгол тансаглал” цомог, түүний аав зохиолч Д.Саманд агсаны “Захиас-1,2” ном, Монгол Улсын аварга С.Мөнхбатын “Эзэн байя” ном, Гэрэл зурагчин Д.Баттулгын “Уул усны диваажин” гэрэл зургийн альбом, Яруу найрагч У.Пүрэвсүрэнгийн “Цэнхэр тэнгэрийн орон” яруу найргийн цомнол гээд шилмэл олон бүтээл Ю.Цэдэнбалын талбайд нэгэн зэрэг нээлтээ хийснээр Увс аймгийн түүхт 100 жил өндөр үүдээ өргөлөө.
Нутгийнхаа 100 жилд оюуны шилдэг бүтээлүүдээсээ дээжлэн авчирсан тэдний уран бүтээлийн нээлт хуртай эхэлж, хурсан олон бороонд норсон ч ажрахгүйгээр зогссоор уран бүтээлчдийнхээ бүтээлээс худалдан авч, гарын үсгээ зуруулж, нэгэн үдшийг дуутай, хууртай өнгөрөөв. Гэнэтийн аадар борооны өмнөхөн хүчтэй шуурга дайран өнгөрч арав гаруй хоног өдөр, шөнөгүй ажиллаж босгосон нээлтийн тайз нуран унах нь тэр. “Одоо яах вэ. Хайран хөдөлмөр” хэмээн олон ч хүн тэвдэж сандарсан. “Өө яах вэ. Ийм зүйл байх шүү дээ. Эрдэнэт хүний амь эрсдэж, гэмтэж бэртсэнгүй. Дахиад л босгочихно” хэмээн уужуухан бодох хүн ч тэнд олон байлаа.
“Увсын наадмын нээлтийн тайз нурсан” гэх мэдээлэл сошиал сүлжээнд тавигдахтай зэрэгцэн нутгийн 200 гаруй залуус давхиад очжээ. Тэднээс техникийн мэдлэгтэй, гарын ур дүйтэй 50 гаруй залуус хоёр өдөр, шөнө завсаргүй ажиллаж, найман өөр газар барьсан төмөр тайзны заримаас нь сэлбэснээр наадмын нээлтийн өглөө өнөөх нурсан тайз яг л өмнөх шигээ босож чадсан нь нэгдмэл, нэгэн зорилгын төлөө зогсож чаддаг, бүлсэг зангийнх нь бодит илрэл болж чадсан юм.
“Увсчууд амь нэгтэй” хэмээн магтуулахдаа магтуулж, заримдаа шүүмжлүүлдэг ч нутгаа, ард олноо, ахан дүүсээ гэсэн халуун сэтгэл нь үеэс, үед, өвгөдөөс өнөө цагийнхандаа өвлөгдсөөр, өнөөдөр ч тэр хэвээр байгааг Монгол Улс даяараа харсан, хайрласан, бахархсан өдрүүд байлаа.
Нүүдэл тосон цайгаа бариад очдог, зочлон ирсэн айлчин амраад яваг хэмээн цоож өлгөхгүйгээр хаалгаа дэлгээстэй орхидог баруун монгол ахан дүүсийн найрсаг зочломтгой зан, дахин давтагдахгүй өв соёл өнөөдөр ч амь халуун оршсоор байгааг нээлтийн өдөр хашаагаа дэлгэж орхиод автомашинуудыг оруулж байсан айл бүхний чин сэтгэлээс мэдэрсэн нь дамжиггүй.
Айл бүхэн зочинтой байсан ч төвөгшөөж уурлахгүй, аймаг дотроо хэдэн цагаар түгжирсэн ч сигнал дуугаргаж бухимдахгүй, “Бид яах вэ алхачихна. Та нар машинтайгаа очиж үз” хэмээн унаагаа хойш тавьж байсан тэрхүү чин зүрхний дотнохон хийгээд дулаахан сэтгэлийг мэдэрсэн олон хүний талархлын постууд энэ өдрүүдэд монгол түмний нэгдмэл байдлын илрэл, нэгнээ гэх сэтгэлийг бадраасан омогшил, бахархлыг өдөөж байсныг нуух юун.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун хилээ манаж суугаа нутгийн зон олныг хүндэтгэж, өөрийн биеэр хүрэлцэн ирж Төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-г гардуулан өгөхдөө ч найрсаг зочломтгой, цагийн хатууг үл ажран хязгаар нутгаа сахин сууж буй олон угсаатны нутгаар бахархаж явдгаа дуулгана билээ.
Өнөө цагийн Монгол Улсын түүхийг ч бахтай сайхнаар бичилцэж, “Хамаг Монгол”-ыг нэгтгэх их үйлсийг түүчээлж буй МУГЖ С.Жавхлан, Монгол Улсын Дархан аварга Н.Батсуурь, Баруун монголын өв соёлыг түгээж яваа, дуучин Ж.Эрдэнэдалай нарын 200 гаруй иргэнд төрийн дээд “Алтан гадас”, “Хөдөлмөрийн хүндэт”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” медаль хийгээд Ардын жүжигчин, МУГТ, МУГЖ, “Гавьяат ажилтан” гэх хүндтэй шагналуудыг биечлэн гардуулаад буцсан нь асар их хүндэтгэл байлаа.
Хахир хатуу өвлийг ч халуун сэтгэлээр даван туулж, хязгаар нутгийн хөгжлийн төлөө нэгдэж нягтран хамтдаа бат зогсож, хаана ч нэгнээ гэх бүлсэг сэтгэлээ тээсээр явдаг дайчин, хөдөлмөрч олонд зориулсан энэ их хүндэтгэл, хайр нь түүхт 100 жилийн ойг он жилээр дурсан яригдахаар болгож чадсаныг онцлох нь зүйн хэрэг биз ээ. Баярлалаа, Ерөнхийлөгч өө.
Туулын урсгал шөнөдөө сайхан...
...Төрийн ордонд Ю.Цэдэнбал
Төв цэнгэлдэхэд Х.Баянмөнх
Төв театрт Г.Түмэндэмбэрэл... хэмээн түүх домог мэт яригдаж, Монгол Улсын нэгэн үеийг түүхийг тодоос тод бичиж, нэр алдраа дуурсгаж байсан гурван эрхмийн нэг Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл агсаны гэрэлт хөшөө Увс аймгийн Ойрад театрын өмнө түүхт 100 жилээр нээлтээ хийсэн нь ойн баярын онцлох үйл явдлын нэг мөнөөсөө мөн байлаа.
Хүн амын 54 хувийг бүрдүүлдэг, урлаг, соёл, нийгмийн олон салбарт түүчээлж яваа эмэгтэйчүүдээ алдаршуулсан, тэдний алдар гавьяаг мөнхжүүлсэн хөшөө дурсгал Монголд тийм ч олон биш. Увс аймгийн Наранбулаг суманд “Фронт” Э.Бадамын цээж хөшөө байдаг ч урлагийн ийм гайхалтай бүтээлийг туурвиж байсан тохиолдол ховор учраас Монгол Улс даяар энэхүү үйл явдлыг бахдан сайшааж байлаа.
Г.Түмэндэмбэрэл агсан монголчуудын хайртай уран бүтээлч байсан юм. Түүний 400 гаруй бүтээл хүн бүхний сэтгэл зүрхэнд хүрч эгшиглэж чадсаны 200 орчим нь ардын дуу байдаг аж.
Дуунд хайртай монгол түмний хамгийн ихээр хайрладаг, биширдэг тэрхүү гайхалтай уран бүтээлчийг амьд мэт урласан Архангай аймгийн Хашаат сумын харьяат, уран барималч Ж.Түмэнчулууны хоёр дахь том бүтээл Ойрад театрын өмнө сүндэрлэснээр Увс аймгийн Нутгийн удирдлагын ордоны өмнө Ю.Цэдэнбал агсан, Бөхийн өргөөний өмнө Х.Баянмөнх аварга, Төв театрынх нь өмнө Г.Түмэндэмбэрэл агсаны хөшөө эгнэн босож, Увс аймаг төдийгүй улс орны бахархал болсон гурван эрхэмд хөшөө босгож алдрыг нь мөнхлөв. Хөшөө дурсгал гэдэг үеийн үед өвлөгдөж үлдэх үнэт өв төдийгүй үр хойчид маань түүхийг үнэнээр хүүрнэсээр орших түүхэн дурсгал билээ. Уул усаа, улс Монголоо, ухаант өвгөдөө аргадан дуулдаг байсан ижийнхээ гэрэлт хөшөөг хараад охид нь эрхгүй нулимс унагаж, ханцуйгаараа чимээгүйхэн шударч буйг ажваас энэхүү хөшөө ямархуу амьтай, яг л амьд сэрүүн мэт гайхалтай бүтээл болсныг цугласан олон хэлүүлэхгүйгээр мэдэрч суулаа.
“Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Усны тунгалаг тамирын гол” хэмээх алдарт бүтээлүүдээ дахин дуулахаар гарч ирж буй мэт хөлөө үл ялиг урагшаа тавьж, гараа зөрүүлэн барьсан энэхүү гэрэлт хөшөө дараа, дараагийн олон гайхалтай уран бүтээлчийн онгодыг хөглөж, уран бүтээлийнх нь сүнс болон гэрэлтсээр байх биз ээ.
Нутгийн хөглөгөр уулс аавыг минь орлодог юм байна
Улсын хэмжээнд өнөө жил ганцхан аймаг 100 жилээ тэмдэглэж буй нь Увс аймаг. Тиймдээ ч зорин очих жуулчдын тоо 100 мянгад хүрнэ гэсэн тооцооллыг аймгийн удирдлагууд он гарахтай зэрэгцэн гаргажээ. Тээврийн цагдаагийн албанаас ч машины тоо 30-50 мянгад хүрнэ гэсэн мэдээллийг өгсөн гэнэ лээ: Тиймдээ ч зориод ирсэн наадамчин олныг тав тухтай байлгах бүх л гарц гаргалгааг ярилцаж, нутгаа гэсэн бүх л хүмүүс рүүгээ утас цохижээ.
Улаанбаатар хот дахь Увс аймгийн нутгийн зөвлөл, Эрдэнэт, Дархан хийгээд бусад аймгуудад байгаа нутгийн зөвлөл, Увс аймгаас төрөн гарсан бизнесмэн, улстөрчид, урлагийнхан гээд бүх хүмүүстэй 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэхэд сэтгэл зүрхээ зориулж, хандив өргөөч хэмээн нутгийн удирдлагууд хаваржин, зунжин уулзаж давхисан нь үнэн.
Хандив цуглуулах арга хэмжээг ч жил тойрон хийсэн нь бас үнэн. Үүний үр дүнд 7000 иргэн бодит буюу мөнгөн хандив өргөж, 20 мянган хүн гар бие оролцож, Увс аймгийн 20 мянган өрх, 85 мянган иргэн цөмөөрөө эрвийх дэрвийхээрээ хамтдаа хичээсний үр дүнд тэд улсын наадамтай дүйцэж яригдах өндөр зохион байгуулалттай, өндөр босготой, хүнээ бодсон, түүхээрээ “гайхуулсан” наадмын нээлтийг хийж чадав. Наадамчин олон нээлт болох өдрийн өмнөх шөнө л машинаа байрлуулаад суудлаа манаж хоножээ.
Өглөө 06.00 цаг гэхэд стадион бүрэн дүүрчихсэн байна гэх мэдээллийг аваад аймгийн удирдлагууд сандран босож, давхиж очсон гэдэг. Төв стадионоо тойроод хэдэн мянган машины зогсоол барьчихсан, соёлын өвийн хэсэгт сум бүхэн 1-3 гэр барьчихсан, зориод ирэх хүндэт зочдод гэр бариад өгчихсөн, аймаг болгоны нутгийн зөвлөлүүд нь айраг, цагаагаа дэлгээд зочдоо хүлээн авч, сумын уран сайханчид хоёр өдрийн турш урлагийн тоглолтоо зүлэг ногоон дэнж дээрээс толилууллаа.
Гадаа хэдий халуун, бороо хур ороогүй байсан ч өдөр бүхэн уйгагүй усалгаа хийснээр морины талбайд хүртэл шороо босож, сүйдэлсэнгүй. Соёлын өв, түүхэн дурсгалаа мөн л сум, сумаараа дэлгэн тавилаа.
Хүний хэрэгцээ цөм бүрэн гэдэг шиг хүүхэд, ээжүүдэд зориулсан тусгай асартай, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ зарах сэрүүхэн байгууламжтай, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настнаа тойглох сэрүүн асартай, халууцсан хүмүүс сэрүүцээд суух тусгайлсан дэлгэц бүхий том талбайтай, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх асар майхан гээд тэнд илүүдсэн эсвэл дутуудсан зүйл нэг ч байсангүй.
Угсаатан, ястан бүрийн онцлогийг шингээсэн, үүх түүхийн өв их соёлынхоо нэгээхэн хэсгийг харуулж, бахархаж омогших түүх бүхнээрээ гайхуулсан баяр наадмын нээлтийг Түүхийн ухааны доктор, Дэд профессор На.Сүхбаатар бичиж, МУУГЗ, бүжиг дэглээч Д.Баярбаатар найруулжээ. Увс нутгаас төрөн гарсан яруу найрагч, зохиолч, дуучид гээд хүн бүхний зөвлөгөө нэг бүрийг Ерөнхий найруулагч хүлээн авч, алдаагаа засаж, залруулан бичсэн зохиолын дагуу явж чадсан энэхүү нээлт өөлөх зүйлгүй, өв соёлоороо гайхуулсан, өндөр зохион байгуулалттай болж чадсан юм.
Даргад бус иргэндээ үйлчилсэн энэ өдрүүдэд хүртээмжийг илүү чухалчилж, нээлтээ улсын баяр наадам шиг үдэш нь давтаж, Увс нутгаас төрөн гарсан уран бүтээлчид хийгээд зочин уран бүтээлчид бүтэн гурван өдөр, шөнө тайзыг эзэгнэж, цугласан олныг цэнгүүлэв. Өглөө бүхэн, үдэш бүхэн төв стадион нь пиг хүнтэй байсан ч үйлчилгээний тухай гомдол санал тэндээс гарсангүй.
Хоолны чанар, үйлчилгээний стандартыг яг таг мөрдөж, тоглолт дууссан даруйд оюутан залуус хог хаягдлыг нь дэрхийтэл цэвэрлэж, төрийн албан хаагчид нь үйлчилгээндээ өглөөнөөс орой хүртэл ажиллаж, тохижилт үйлчилгээний ажилтнууд нь хотоо цэмцийтэл цэвэрлэж, хөрш аймгийнх нь хамт олон нь хүртэл давхиж ирээд нэгдэж нийлээд ажиллаж байсан тэрхүү хайр хүрмээр, огшиж онгирмоор үйл явдлууд дан ганц Увс аймаг бус улс Монголоороо “Эвтэй байвал хүчтэй” байхын үлгэр жишээ болсныг дурдахгүй өнгөрч болохгүй.
Хийе гэвэл хийсэн шиг хийдэг, ажиллая гэвэл ажилласан шиг ажиллаж чаддаг хөдөлмөрч зангаас нь суралцах ёстойг тэд 100 жилийнхээ ойгоор өргөн олонд үлгэрлэн харуулж чадлаа. Алдарт “The HU” хамтлагийн бөмбөр, морин хуур дэлхийн чихийг дэлдийлгэн баруун хязгаар нутагт нүргэлж, рок попын ноён оргилууд үзэгч фэнүүдтэйгээ “найрлаж”, Увс нутгаас төрөн гарсан дуучид нэгэн үдэш багтахгүйгээр дуулалдаж, Пүрэвсүрэнгүүдийн хоршлоос төрсөн гайхалтай бүтээлүүд тэнд л эгшиглэв.
...Далай, далай нуураар баян нутаг аа
Дагшин ариун уулаар баян нутаг аа” хэмээн Ардын жүжигчин маань Бал даргын дүрээр гарч ирэхийг магад энэ яваа насандаа дахиж харахгүй ч байж мэднэ. Газар, газрын хурдан хүлгүүдийг гайхмаар зохион байгуулалттай, шударгаар уралдуулсан энэ наадмын зохион байгуулалт олон хүнд урам өгөв. Шударга наадмыг энд л үзлээ хэмээн уяач нар огшиж байв. Хасагдсан морьдыг ч алагчлахгүй тусгайлан уралдуулж, зорин ирсэн хүн бүхэн зорилгоо биелүүлээд буцлаа. Цэц мэргэн харваачид цэнгэл наадмын өдрүүдэд үнэн хүчээ үзлээ.
Дөрвөн уул аймгийн зочин дуучид ая дангаа эгшиглүүлж, Төв талбайдаа угсаатан бүр нь бийгээ биелж, Юмжаагийн Цэдэнбал, Жамбын Батмөнх, Гомбын Түмэндэмбэрэл тэргүүтнээрээ огшиж, Энгэлийн Бадам гэх энгүүн малчин бүсгүйн эх оронч түүхийг үр хойчист таниулсан ийм сайхан наадмыг эцэг өвгөд минь магад тэнгэрээс тухлан сууж үзсэн нь дамжиггүй.
Энэ цагийн эгэл хүчтэнүүд үнэн хүчээ үзэж, Увс аймгийн түүхэн ойдоо үнэн хүчээр барилдаж, харгүй сайхан түрүүлсэн Дархан аварга Н.Батсуурийнхаа даамай сайхан барилдааныг дахин, дахин ярих биз ээ. Харь улсад ажиллаж амьдарч буй монголчуудын нулимсыг шавхаж, эх нутаг руугаа, ижий, аав руугаа давхиад очихсон гэх их хүслийг өдөөсөн арай гоё наадмыг монгол түмэн цугаараа үзэж, цэнгэлдлээ.
...Аргалын утаа уугиж л байдаг тэнд гэр минь бий
Алтайн уулс нь дүнхийж л байдаг тэнд бодол минь бий... хэмээх мөртүүд эгшиглэхтэй зэрэгцэн нулимсаа нууцхан арчиж, аварга Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, С.Мөнхбатын дэвээ шаваа, амжилтаар огшиж, омгорхож суудаг байсан буурал аавын минь сүнс энэ өдрүүдэд хэчнээн их баярлаж, онгирсон бол. Хүрэн тэрлэгээ өмсөөд тэнгэрт байгаа аав, ээж хоёрынхоо өвдгийг дэрлээд та минь тухалж суугаад наадмаа үзсэн байх аа.
Аавтайгаа зэрэгцэн суугаад энэ бүхнийг үзсэн бол гэх цээжний минь хөндүүрийг намжтал нутгийн минь ой нижгэр сайхан боллоо. Холын нутгаас бэр болон ирсэн ч ханийнхаа нутгийн эд эс болтлоо ээнэгшсэн ижийнхээ тав тухыг алдуулахгүй хэмээн хичээж, авга ах, эгч, дүү, хүргэн, бэрүүдийнхээ хайр хүндлэл, зочломтгой занд цээжний цаадах хөндүүрээ мартатлаа дөжгилдөж, Увс, Хяргас нуурынхаа усанд загас жараахай мэт цэнгэлээ.
Ногоо услан гүйж явсан намхан буурал толгодоосоо эрч хүчээ сэлбэлээ. Морь унан давхиж явсан өндөр хөх уулсдаа гэмшил, гунигаа орхиод ирлээ. Буурал аав, ээжийнхээ буурийг эргэж, үр хүүхдээ даатгаж залбираад гарлаа. Буурал аавынхаа суварганд мөргөж, санасан сэтгэлээ дэвтээж, сэтгэлээ онгойтол уйлж тайвширлаа. Төрсөн нутгийн минь хөглөгөр их уулс нь аавыг минь орлодгийг ухаарч, цэнхэр тэнгэрийн орондоо цээжний гунигаа гээгээд ирлээ.
Аав минь, нутаг минь ахиад иртэл амгалан байтоон. Ахан дүүс минь амар мэнд суутоон. “Далай, далай нуураар баян нутаг аа” хэмээн амандаа аялсаар нутгийн тань үрс ажилдаа, амьдрал руугаа хоргодон хоргодсоор мордов. Дараа ирэхэд далай шиг, буцаад ирэхэд бум түмээрээ дэвжиж дээшлэн амьдарч байтоон.
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин