ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монгол Улс өвөлд бэлэн үү

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2 цагийн өмнө

Найр наадам, амралт зугаалгын цаг дуусаж хаа, хаанаа монголчууд намар, өвлийн их ажилдаа бэлтгэж, сургууль, цэцэрлэг цугласан завгүй өдрүүд үргэлжилж байна. Гадна талдаа дайн байлдаантай “хүйтэн” өдрүүд үргэлжилж, дотор талдаа нүүрсний үнийн уналтаас шалтгаалан эдийн засгийн нөхцөл байдал амаргүй болсон энэ өдрүүдэд ирэх өвлийг хэрхэн өнтэй хийгээд гарз багатай давах вэ гэдэг нь анхаарал татах сэдэв болоод буй нь худлаа биш.

Учир нь өнөө жил тун амаргүй өвөл болох нь тодорхой болсон бөгөөд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй гэдгийг мэргэжлийн байгууллагаас удаа дараалан сануулсаар байгаа юм. Тиймдээ ч нийслэл хийгээд аймаг орон нутгийн удирдлагууд ч гарз хохирол багатай даван туулах гарц шийдлийг эрэлхийлэн ажилласаар байна.

Баруун таван аймагт зуд болох нь тодорхой болжээ

Өнөө жил нийт нутгаар гандуу байгаа бөгөөд тэр тусмаа баруун таван аймагт зудын эрсдэл маш өндөр гарчээ. Түүхт 100 жилийн ойгоо тунчиг нүсэр тэмдэглэсэн Увс аймагт гэхэд л зудын эрсдэл 77 хувьтай буюу маш өндөр гарсан учраас аймгийн Засаг дарга С.Батжаргал наадмын маргааш л нутгийн иргэддээ хандан мэдэгдэл хийсэн аж.

Тэрбээр, малчдыг малаа даатгалд хамруулахыг сануулж, онд орохгүй малаа эдийн засгийн эргэлтэд оруулахыг сануулсан байна. Энэ хүрээнд ОХУ, Тува улстай мах экспортод гаргах асуудлыг ярьж тохирсон төдийгүй тэжээл, гурил, будаагаар солилцох яриа хэлцэл ч хийсэн байгаа юм.

Малчид ч ирэх өвлийг өнтэй давж чадахгүй малаа нядалж, борлуулахаас гадна тус аймгийн 1650 малчин өрх 238.5 мянган толгой малаа даатгалд хамруулжээ. Ингэснээр малаа зудад алдсан ч төлбөрөө авах боломж бүрдэнэ гэсэн үг. Ерөөс дан ганц Увс аймаг ч бус баруун таван аймаг тэр чигтээ буюу нийт нутаг дэвсгэрийн 70-80 хувь нь гантай байгаа учраас бусад аймгийн малчид ч энэ жишгээр даатгалд хамрагдах, цаашлаад малаа эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай болсныг дуулгахад илүүдэхгүй биз.

Баруун таван аймагт энэ жил 14.8 сая толгой мал өвөлжих тооцоо гарсан учраас аймаг, орон нутгийн удирдлагууд цаг алдахгүйгээр малчидтайгаа зөвшилцөж өвс тэжээл импортоор авах, хадлан тэжээл бэлтгэх ажлаа шуурхайлах шаардлагатай болоод байгааг сануулъя. Энэ жил улсын хэмжээнд 62.4 сая тоо толгой мал өвөлжих бол отрын есөн бүсэд 653 мянган мал өвөлжих тооцоо судалгааг ХХААХҮЯ-аас гаргажээ.

Урьдчилсан байдлаар 10 сая гаруй тоо толгой мал зах зээлд борлуулж дотоодын хэрэгцээг хангахаас гадна, экспортлох зохицуулалтыг хийж байгааг ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хэллээ. Ирэх өвөл олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас их орох төлөв ажиглагдаж байгаа учраас УОК-оос мэргэжлийн байгууллагуудтай хамтран ган зудын эрсдэлийн үнэлгээг гарган өнгөрөгч зургаадугаар сараас эхлэн өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгааг анхааруулж, энэ сарын 15 гэхэд өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг аймаг орон нутгийн удирдлагуудад үүрэг болгожээ.

Олон малтай Хөвсгөл, Төв аймгийн ихэнх сумдууд гандуу учраас зуд болох эрсдэл өндөр гарсан бол Архангай, Өвөрхангай, Баянхонгор гэсэн гурван аймаг ургац сайтай учраас зудын эрсдэл бага гэсэн тооцоолол гараад буй юм.

Ирэх өвөл эрчим хүчний хязгаарлалт хийхгүй

Аймаг, орон нутгийн удирдлагууд дор бүрнээ бэлтгэлээ базааж өвөлд бэлтгэж буй энэ цагт нийслэлчүүд бид ирэх онд юу түлж, эрчим хүчний эрсдэлгүйгээр өвлийг даван туулж чадах уу гэдэг асуулт урган гарч буй. Зуны дэлгэр цагаар “ТЭЦ-3”-д осол гарсны улмаас эрчим хүчний хязгаарлалтад орох уу, энэ өвлийг давж чадах уу гэдэг асуудал үүсээд байлаа.

Тэгвэл Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Наймдугаар сард тэг зогсолт хийгээд зуухаа засварлаад буцааж залгах үед бага зэргийн гэмтэл гарсныг засварласан. “ТЭЦ-3”-ыг 1960 онд барихдаа Налайх, Шарын голын нүүрсийг түлэхээр тохируулж барьсан юм билээ. Гэсэн ч тус уурхайнуудын нүүрсний нөөц шавхагдсан учраас Багануурын нүүрсэнд шилжүүлсэн. Энэ үеэр бага зэргийн гэмтэл гарсныг улстөржүүлж олон нийтэд мэдээлсэн” хэмээн тайлбар өгөв.

Тэгвэл эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьтай байгаа бөгөөд Дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 69 зуух, 49 турбогенератроос 27 зуух, 24 турбогенератор, бэлтгэлд 18 зуух, есөн турбогенератор, засварт 24 зуух, 16 турбогенератор байгаа ба системийн горим ажиллагаа хэвийн байгаа гэв. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёрдугаар блокийг энэ оны арванхоёрдугаар сард ажиллагаанд залгахаар төлөвлөжээ. Тус станц ашиглалтад орсноор эрчим хүчний хязгаарлалт хийхгүй өвлийг давна хэмээлээ.

Ирэх өвөл эрчим хүчний салбарын оргил ачааллын үе нь арванхоёрдугаар сар байх бөгөөд 1800 МВт-д хүрэх юм. Үүний 1100-г нь дотоодын эх үүсвэрээс, баттарей хуримтлуураас 180, салхин станцаас 30-ыг авах бол импортоор 300 МВт-ыг авч хэрэглээг хангах төлөвлөгөө гаргасан аж. Мөн ирэх өвөл БНХАУ-аас 226 тэрбум төгрөгөөр хагас кокс шахмал түлш худалдан авахаар төлөвлөсөн бөгөөд нийтдээ 306 мянган тонныг авч гэр хорооллын айл өрхүүдийг түлшээр хангах юм. Ингэхдээ нэг шуудайг нь 5000 төгрөгөөр үнэлжээ.

Энэ есдүгээр сард 51, аравдугаар сард 60, арваннэгдүгээр сард 61, арванхоёрдугаар сард 51 мянга гэх мэтээр сар бүр татан авалт хийж, 400 цэгээр хэрэглэгчдэд борлуулахаар төлөвлөгөө гаргаж, нийлүүлэгч компанитай гэрээ байгуулаад байгаа аж. Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин хэлэхдээ “Хагас кокс шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол 50 хувиар буурна гэсэн тооцоо гарсан. “Тавантолгой түлш” компанийн баруун үйлдвэрт энэ жил шахмал түлшийг үйлдвэрлээд явна.

Иргэдэд хоёр төрлийн сонголт өгөх юм. Нэг талдаа шахмал түлш, нөгөө талд нь хагас кокс шахмал түлш байна гэсэн үг. Сонголтоо иргэд өөрсдөө хийнэ. Шинжлэх ухааны академийн дүгнэлт бүрэн гарсан” хэмээлээ. Үүнээс гадна өнөө жил таван хорооны 5000 өрхийг НҮБ-тай хамтран дулаалж, хийн халаагуурт шилжүүлэхээр нийслэлийн удирдлагууд ажилдаа орсон бөгөөд Гандан, Зурагт, Дэнжийн мянга орчим амьдарч буй айл өрхүүд хийн халаагуурт шилжих бэлтгэлдээ оржээ.  

Хур бороо ороогүйгээс шалтгаалан ургац алдах нь тодорхой болсон гэв

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр Сэлэнгэ аймагт ажиллах үеэр тариаланчид өнөө жил ургац алдах нь тодорхой болсныг дуулгажээ. Учир нь энэ жил газар тариалангийн бүс нутгаар хур бороо бага байсан учраас төлөвлөсөн хэмжээнд ургац авч чадаагүй гэсэн үг.

Тариаланчдын зүгээс “Сэлэнгэ, Төв аймгийн тариаланчид 50-60 хувь нь ургацаа алдлаа. Ургасан хэсэг үр тариагаа хурааж авахад ч хүндрэл учирч байна. Маш их зээлтэй. Засгийн газар дэмжлэг үзүүлж техникийн дэмжлэг буюу татварын хөнгөлөлт үзүүлвэл зүгээр байх юм. Энэ жил дампуурчихгүй үрээ авчихсан компаниуд ирэх жилийн уриншаа хийчихсэн байгаа. Борлуулалтын тал дээр дэмжлэг хэрэгтэй байна. Өөрсдөө аваачиж өгнө. Тэгээд гологдоно” хэмээн учирлав.

Тэгвэл өнөө жил Засгийн газраас тариалан эрхлэгчд болон хөдөө аж ахуйн салбарыг дэмжих хүрээнд 800 тэрбум төгрөгийн зээлийн арилжааны 10 банкаар дамжуулан олгож буй бөгөөд үр тарианы үтрэмийн техникийн шинэчлэл зэрэгт маш үр дүнтэй хэрэгжиж буйг салбарын сайд онцлов.  

Улсын хэмжээнд 2025 онд 312.8 мянган га-д үр тариа, үүнээс 272.8  мянган га-д улаанбуудай, 12.9 мянган га-д төмс, 15.9 мянган га-д хүнсний ногоо, 87.2 мянган га-д малын тэжээл, 148.5 мянган га-д тосны ургамал буюу нийтдээ 577.5 мянган га-д тариалалт хийж өнгөрсөн оны гүйцэтгэлтэй харьцуулахад 60.7 мянган га-аар буюу 10.5 хувиар тариалалт буурчээ.

Нийт хүн амын хэрэгцээт улаанбуудайн 64 хувь, төмсний 72.8 хувь, хүнсний ногооны 62.5 хувийг дотоодын ургацаас хангах юм байна. Тариалан эрхлэгчдийн өмнө тулгардаг өөр нэг бэрхшээлтэй асуудал бол дизель түлшний асуудал байдаг.

ОХУ-ын Ангарскийн нефтийн үйлдвэрт урсгал засвар хийгдэж буйн улмаас түлш тасрах, үнэ өсөх асуудал үүсэх эрсдэл байсан ч ОХУ-тай зөвшилцөлд хүрснээр үнэ өсөхгүй, нийлүүлэлт тасрахгүй гэсэн сайхан мэдээ авч, шатахууны хомсдолд юутай ч энэ өвөл орохгүй байх нь ээ гэсэн сайхан мэдээ дуулдлаа.

...Юутай ч хаа, хаанаа хичээсний үр дүнд зутруухан өвлийг гарз багатай давахаар хичээж байгаа ч төлөвлөгдөөгүй бэрхшээл саад олон гарах учраас салбар бүрийн дарга, цэргүүд бэлтгэлээ бүрэн хангаж, аймаг орон нутгийн удирдлагууд малчидтайгаа нягт хамтран ажиллаж, найр наадмаа хойшлуулж, намрын бэлтгэлдээ шуурхайлж, нийтээрээ хичээх ёстой цаг үе ирээд байна. 

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин