ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Баянзүрх дүүрэгт шинээр төлөвлөгдөж буй автозамын трассуудаар ажиллав

O.Admin
2 цагийн өмнө

НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг Баянзүрх дүүрэгт шинээр төлөвлөгдөж буй шинэ авто замын трассуудаар явж, нөхцөл байдалтай танилцлаа.

Тодруулбал, НИТХ-ын дарга А.Баяр, төлөөлөгч Э.Одонтуяа, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Д.Даваасамбуу, нийслэлийн Замын хөгжлийн газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ичинхорлоо, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Ч.Хувьзаяа, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Очирбат зэрэг ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллав.

Баянзүрх дүүргийн 42-р хорооны нутаг дэвсгэр “Нарантуул” худалдааны төвөөс зүүн тийш нохойтой хөшөө хүртэл түгжрэл үүсдэг учир энэхүү хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд ХӨСҮТ-ийн урд талын автобусны буудлаас консулын 8 дугаар гудамж буюу үерийн хамгаалалтын далантай холбогдох шинэ авто замын трассыг нийслэлийн Замын хөгжлийн газраас төлөвлөжээ. Авто замын зураг төслийг 7м өргөнтэй хоёр талдаа явган хүний замтай 700 метр урттай зураг төслийг одоогоор хийж байгаа юм.

Тиймээс энэхүү шинэ замын трассын нөхцөл байдалтай танилцаж, зам тавихад тулгамдаж буй асуудал, асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар газар дээр нь ажиллаж холбогдох албаныхантай санал солилцлоо. Мөн БЗД-ийн 14-р хороо, “Cinema next” орчимд тавигдах шинэ замын трассын нөхцөл байдалтай, танилцаж ажиллалаа.