УИХ-ын гишүүн С.Ганбаатарын албан өрөөнд АТГ-аас гүйцэтгэх ажиллагаа явуулж, УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халдаж, Төрийн ордон, парламентын дархлаанд аюул учирлаа хэмээн УИХ дахь АН-ын бүлэг мэдэгдэж өнгөрөгч долоо хоногт чуулганы хуралдаанаас завсарлага авсан билээ.
Улмаар өнөөдөр өглөө хуралдсан АН-ын бүлгийн хуралдаанаас энэ асуудлаар ажлын хэсэг байгуулах шийдвэр гарсан талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдэгдсэн.
Тэгвэл Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа энэ талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, “Мөрдөх байгууллагын зүгээс УИХ-ын гишүүн С.Ганбаатарт холбогдох хэрэгт өнгөрсөн наймдугаар сараас эхлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорын байгууллагад ирүүлсэн. Прокурорын байгууллага мөрдөгчөөс ирсэн баримттай танилцаж үзээд үндэслэлтэй гэж үзэн, нотлох баримтад тулгуурлан хэд, хэдэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан албан тушаалаа урвуулан ашигласан, өөрийн хамаарал бүхий хүмүүст давуу байдал олгосон
Эрүүгийн 22.4-д заасан “Хахууль авах” болон бусад хуульд заасан мөнгө угаах, үндэслэлгүй хөрөнгөжих гэсэн зүйл заалтуудыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах үед мэдүүлэг өгөхөөс татгалзах, хүсэлтийг хүлээн авахаас татгалзах, шүүхэд шилжүүлсэн мэт шүүхэд мэдүүлэг өгнө гэх мэтээр удаа дараа татгалзсан. Яллагдагчаар татсан прокурорын яллах дүгнэлтийг танилцуулахаар дуудсан ч ирээгүй. Прокурорын дуудах хуудас явуулсан ч мөн ирээгүй. Тиймээс үүнийг танилцуулахаар 2025 оны есдүгээр сарын 19-ний өдөр дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг үйлдэж, түүнд хүргүүлэхийг мөрдөгчдөд үүрэг болгосон. Журмын дагуу явагдсан үйл ажиллагаа юм. Яллах дүгнэлтийг яллагдагчид шилжүүлсний дараа хэргийг шүүхэд шилжүүлэх хуультай. Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх тухай асуудал одоогоор яригдах боломжгүй” гэсэн хариулт өглөө.