Өнөөдөр Төрийн ордонд Ховд аймгийн Мянгад сумын нутагт байрлах Халзанбүргэтэйн орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах хяналтын сонсгол зохион байгуулагдаж буй бөгөөд Ёсзүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар хуралдааныг зохион байгуулж байна.
Тус хяналтын сонсгол эхлээд холбогдох албаны мэдээлэл сонсох, араас нь иргэдийн үгийг сонсох дэгээр явах байсан ч эхлээд иргэдийн үгийг сонсох талаар санал гарав. Гэсэн ч УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангийн зүгээс хуучин дэгээр буюу албаны мэдээллийг сонсоод араас нь иргэдийнхээ үгийг сонсох ёстой гэсэн санал гарснаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь дэмжсэнээр хуучин хөтөлбөрөөр явахаар болов. Хяналтын сонсголд 150 гаруй хүн оролцох хүсэлт гаргасан ч 125 нь ирсэн бөгөөд Ховд аймгаас 20 гаруй иргэд мөн тооны төрийн болон бусад албаны хүмүүс хүрэлцэн иржээ.
Хуралдаанд Аж үйлдвэр эрдэс баялгийн яам Бодлого төлөвлөлт судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяр "Халзанбүргэтэй" орд болон газрын ховор элементийн талаар мэдээлэл өгч байна. М.Мэндбаяр дарга танилцуулгадаа “Газрын ховор элемент маань маш олон шатны боловсруулалт шаардагддаг, өртөг өндөртэй учраас ашиглалтад шилжиж амжихгүй, олон тооны туршилтууд явуулдаг байгаа.
Хагас үйлдвэрлэлийн туршилт эцэслэгдээгүй, хийгдэх шатандаа яваа. Тусгай зөвшөөрөл эзэмшиж буй нийт зургаан компани байдаг. Ховд аймгийн Мянгад суманд Халзанбүргэтэйн орд нь “Монголиан нэшнл рий ийрт корп” ХХК-ийн эзэмшиж буй 1.2 сая тонн нөөцтэй орд юм. Зургаан орд нь технологийн шийдэл, хөрөнгө оруулалт шийдэгдээгүй учраас төрийн бодлого, дэмжлэг хэрэгтэй байх. БНСУ-тай хамтран ховор металл судлах лабораторийг байгуулсан. Тоног төхөөрөмж, байр савны асуудлаа шийдсэн. Одоо ажиллах боловсон хүчин бэлтгэх ажил явж байна" гэлээ.