ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Булгантуяа: Намын зодооноо төрийн ажилд хутгах нь буруу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2025-09-25

УИХ-ын Дэд дарга Х.Булгантуяаг АН-ын бүлэгт төсвөөс бус асуудлаар завсарлага өгсөн хэмээн буруутгаж, Дэд даргын суудлаасаа буух ёстой хэмээж буй билээ. Тэгвэл энэ асуудлаар Х.Булгантуяа байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, “Хэн нь ч дарга болсон бай намын зодооноо төрийн ажил руу хутгах нь буруу юм. Би намын даргад өрсөлдөхгүй. Намын асуудлаа төртэй хутгамааргүй байх юм. Төсөв дээр шүүмжлэлтэй хандаж үг хэлсэн маань хэсэг бүлэг хүмүүсийн дургүйг хүргэсэн байж магадгүй.

Гэхдээ төсвийн асуудлаар хэн хэдийг хэрхэн яаж зарцуулах вэ гэдэгт нэгнийхээ толгойг илээд өнгөрч болохгүй. Ард түмний санал санаачилгыг сонсох ёстой. Тийм болтлоо улстөржиж бие биенийхээ толгойг илж болохгүй. Бага хурлаас орон гарах асуудал яригдаагүй учраас хуучин гишүүд ажиллаж байгаа. Шинээр томилогдсон аймгийн ИТХ, Засаг дарга нар орж ирээгүй, сонгогдоогүй байгаа асуудал бий байх. Мөн шинээр сонгогдсон 18 гишүүнийг ирэх бямба гарагт Бага хурлын гишүүнээр сонгоно. Их хурлаар намын дарга сонгоно гэвэл энэ улс орон юу болох вэ.

Хоёрхон хоногийн дараа Бага хурал гэхэд төрийн ажил ямар байдалд хүрч байна вэ. Сошиал, хэвлэл мэдээллээр хуваагдаж зодолдож байна. Хүнд өвөл болох гээд эдийн засгийн амаргүй цаг үед ажлаа гацааж, нийгмийг талцуулж болохгүй.

Жирийн намын гишүүдэд хэн дарга болох нь чухал биш. Бага хурлаараа асуудлаа шийдээд явах эсэх нь бүрэн эрхийнх нь асуудал.Улс төрийн намын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Үүнд нийцүүлж бүх намууд дүрмээ шинэчилж, бүтцээ өөрчлөх ёстой. Энэ хүрээнд ажлууд явагдах байх. Би Б.Энхбаяр гишүүний нэвтрүүлгийг үзээгүй.

Хэрвээ тэр хүнд өнөөдрийг хүртэл баримт гаргаж ирэх хугацаа байсан. Үнэхээр баримт байгаа бол АТГ-т өгч шалгуулах нь зөв байх. Нүүрсний сонсголоос хойш жил гаруй хугацаа өнгөрлөө. Хүн бүр хардах эрхтэй ч улс төр хийж болохгүй. Надад тэр хэрэгтээ танилцах эрх огт байхгүй" хэмээн байр сууриа илэрхийллээ.