УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр, “МАН-ын даргад нэр дэвшихдээ би та бүхэнд ярилцлага өгнө гэдгээ хэлж байсан. Өнгөрсөн хугацаанд маш олон төрлөөр магадгүй, болзошгүй гэдэг үндэслэлээр гүтгэлэг тарааж эхэллээ. Энэ бүхэнд хариулт өгөхийг хүсэж байна.
Сүүлийн 10 жилд Монголын улс төрд юу өрнөөд байгаа юм, яагаад энэ улстөрчдийн дунд, улс төрийн намуудын дундах асуудлыг ярья гэж шийдлээ” хэмээгээд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. Түүний 2 цаг гаруй үргэлжилсэн хэвлэлийн хурлаас онцлох хэсгийг уншигч та бүхэнд ишлэл болгон тоймлон хүргэж байна.
“Админерал”-ыг надтай холбох гэж зургаан сар шалгаад сэжүүр олоогүй
-2014 онд манай ахын удирддаг компани АН-ыг засаг барьж байх үед Ц.Туваан Дэд сайд байх үед ЖДҮ-ийн зээл авч байсан юм билээ. Манай гэр бүлийн бизнес 1999 оноос хойш мал аж ахуйн чиглэлээр явж ирсэн. .Амарбаясгалан гэх хүний нөлөө орох тухайн цаг үеийн нөхцөл боломж огт байхгүй. Улс төрийн зорилгоор ЖДҮ-тэй холбоотой олон асуудал хөндөгдөж ирсэн.
-“Админерал” гэдэг үг англиар Чулуунзагд гэж орчуулагддаг гэж би мэдэхгүй. Энэ компанийг 2023 оны тавдугаар сарын 26-ны өдөр сайт дээр гарсан мэдээн дээрээс анх удаа сонссон. Энэ бол миний үнэн. Надтай холбох гэж зургаан сар орчмын хугацаанд АТГ шалгалт явуулсан ч харамсалтай нь, сэжүүр олдоогүй.
-Говь-Алтай аймагт төгссөн найзууд хамтраад “Төрөлх алтай” ТБС байгуулж, удирдах зөвлөлийн гишүүнд 11 хүн байдаг. Үүнээс болж Ц.Чулуунзагдтай холбогдсон. Ц.Чулуунзагд бид хоёр хамт ажилладаг гэдгээрээ холбогдож байвал надаас гадна дөрвөн хүн холбогдох байх.
-“Админерал” ХХК дээр ямар нэгэн холбоо байхгүй гэдгээ албан ёсоор удаа дараа хэлж байсан. ЗГХЭГ-ын дарга байхдаа хэвлэлд мэдээ өгч байсан. Манай гэр бүл, ах дүү нэг ширхэг ч уул уурхайн бизнес хийдэггүй. Уул уурхай тэр дундаа нүүрс олборлолт, нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хүрз хутгаж оролцоогүй.
-Ц.Чулуунзагд мэдээллийн сайтуудын сервер зэрэг дээр ажилладаг байсан. Тэр үедээ хамтарч интернет худалдааны сайт байгуулъя гэж манай хэвлэлийн компани дээр надтай уулзаж байлаа. Тэгээд нэг компани байгуулж хамт ажиллаж үзсэн ч дампуурсан. Тэрийг л одоо гаргаж ирчихээд хамтарсан компанитай юм байна гэж харддаг.
-“Эрдэнэс Тавантолгой”-д ажиллаж байгаа ангийн найз Х.Мөнхжаргалтай би энэ компанийн захирал болсных нь дараа тааралдсан шүү. Ер нь Тавантолгойн ордод сүнс нь хоргодчихсон улстөрчид маш олон байгаа. Бараг зүүдэлж хонодог байх шүү.
-Манай аав бага байхаас газар хөндөх цээртэй гэж хүмүүжүүлж, өсгөсөн. Буян номын компани гэдэг утгаараа хэвлэлийн компани байгуулж, 26 жил тогтвортой үйл ажиллагаа явууллаа.
-Ц.Чулуунзагдыг барьж хориод намайг айлгана гэж бодсон. Би ийм зүйлд айж зогсдог улстөрч биш. Надад илүү том зориг, зорилго бий. Ганц хүнийг бариад хорьчихоор айна гэж бодсон байх.
-Ер нь намын Ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг авахын тулд намайг нүүрсчин болгох ажиллагаа эхэлсэн. Дараа нь “Бодь” группын оффтейк гэрээ, төмөр замын мухар төслөө хаацайлах том бай хайсан нь би байсан. Яаж нүүрсчин болгох вэ гэсэн төлөвлөгөө хүртэл зурж байсныг нь олон гэрч хэлсэн шүү.
-Сэтгүүлч Х.Мандахбаяр, Н.Өнөрцэцэг нартай мөн намайг холбодог. АТГ мөн шалгаад юу ч олоогүй.
-АТГ асуудал байвал надтай ярь. Битгий надтай хамаатуулж, жирийн бизнес эрхлэгч нарыг цагдан хорьж, эрүүдэн шүүгээд бай. Надтай зураг хамт авахуулсны төлөө цагдан шүүгээд байж болохгүй. Миний төрсөн өдөрт ирсэн хүмүүсийг барьж хориод байх нь утгагүй биз дээ. Сэжүүргүй барьж хориод Д.Амарбаясгалантай хэзээ танилцсан гэж асуугаад байж болохгүй.
-Б.Батбаатар гэж бизнесмэн залууг мөн надтай холбоод эхэлсэн. Тэр залуу хэвлэлд мэдээлэл гаргана гэж ярьсан байна лээ. Би утасдаад цаг хугацаа үнэнийг шүүх биз гэж хэлсэн. Манай намын байрны дөрвөн давхарт фитнесс ажиллуулдаг залуу. Намын байрны засвар хийж өгөөд бартераар түрээс төлөөд ажлаа явуулдаг л хүн.
-Хүн амины хэрэгт гүтгүүлчихээд зүгээр суухгүй. Хуулийн байгууллагад хандана.
Б.Энхбаярын хоёр байтугай 20 нүүрийг удахгүй харах болно
-УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өчигдөр хэвлэлд ярихдаа надтай адилхан нэртэй хүнийг андуурч барьж хорьж, шалгасан гэж мэдэгдсэн байна лээ. Хэрвээ тийм зүйл болсон бол хуулийн байгууллагын байгаа царай нь тэр. Би тэрний нэвтрүүлгийг үзэх ч албагүй.
-Б.Энхбаярын хоёр байтугай 20 нүүрийг удахгүй харах болно. Хүнийг өгсөөд явж байхад Шрекийн муур шиг дагаад явдаг хүмүүс л эцэст нь араас хутга шаадаг.
-Б.Энхбаяр намайг нэр дэвших гэхэд тойрог өгөөгүй гэсэн байна лээ. Харин ч “Зөв хүн электрот” эвслээс нэр дэвшинэ ээ гээд явж байхад нь би Ерөнхийлөгч, тухайн үед намын генсек У.Хүрэлсүхтэй анх уулзуулж тойрог авч өгч байсан.
-Надад яагаад өсөрхөөд байдгийг мэдэхгүй юм. Магадгүй том даалгавар авсан байх. Б. Энхбаяр хүний өөдөөс, нүд рүү эгц хардаггүй байж мэтгэлцэх үү. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт ял өгөх гээд улайраад байхаар нь би боль гэж хэлсэн. Тэрний төлөө өс санадаг байх. Тэр үед намын дарга байсан Л.Оюун-Эрдэнэ “Бид ийм замаар явах гэж байгаа бол бүгд ажлаа өгөөд энэ төрөөс зайлцгаая” гэж хэлсэн. Харамсалтай нь, шоронд суусан, өчнөөн ам, өчиг өгч байж суллагдсан гэдгийг та бүхэн мэднэ.
МАН-д хагарал бий болсон нь үнэн
-Манай намд хагарал бий болсон нь үнэн. Я.Содбаатар, Б.Батцэцэг, Б.Энхбаяр, Ж.Энхбаяр нарын зөөсөн хов МАН-ыг хагаралдуулж байгаа. Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар Ерөнхийлөгчийн хугацааг сунгах ажлыг эхлүүлж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг талцуулсан.
-Намайг Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан найман жилийн хугацаанд МАН хагараагүй шүү. Я.Содбаатарыг Ерөнхий нарийн бичиг болсон арван сарын хугацаанд МАН төрийн өндөрлөгийн түвшинд хагарал бий болж байна.
-АТГ 20 байцаагчийг цуглуулаад Д.Амарбаясгалангийн талд санал өгөх гэж байгаа Бага хурлын гишүүдийг 20, 20-иор нь жагсааж байгаад түүх архив үүсгэх гэж үзсэн. Би энэ асуудлаар Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатартай уулзаж “Намын асуудал нам дотроо дуусах хэрэгтэй. Дарамт үзүүлэх гэж байгаа бол би энэ дээр тултлаа үзнэ” гэж хэлсэн. Үүнээс хойш 20 минутын дараа АТГ хийж байсан ажлаа зогсоосон. Надад баримт, гэрч байгаа.
-МАН-ын эгэл жирийн гишүүд миний талд бий. Нөлөө бүхий улстөрчид ч надад итгэж байна. Учир нь би энэ намыг институцийн хувьд бэхжүүлэх ажилд 16 жил зүтгэж, ялалтад хүргэж байсан. Харин эдгээр нөхдүүдийн ард АТГ, хуулийнхан бий. МАН 21 дүгээр зууны дэвшилтэд нам байх ёстой.
-Бага хурал дээр намайг дэмждэг хүмүүс ирэхгүй бол би АТГ-ын дарамтад оржээ гэж хэлнэ. Бүр нэр зааж байгаад бүгдийг нь хэлнэ. Ямар асуудлаар тэд дуугүй болсныг нь ч бас хэлнэ.
-Манай намын гишүүд айдастай байгаа. Улстөрчид айдастай болсон. Тэр байтугай сэтгүүлчид хүртэл айдаг болчихсон. Сэтгүүлчид рүү янз бүрийн юм бичээд үзээрэй гэж айлгадаг гэнэ. Намайг дэмжиж байгаагаа хэлсэн ч дуугүй байгаарай, намайг хэлсэн гэж битгий хэлээрэй гэж гуйж байна. Бид хаашаа яваад байна вэ.
-Би олон хүний нэрийг дурдлаа. Хэлсэн үгэндээ эзэн байж чадах болно.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, ард нийтээс санал асуулга явуулах гэдэг дээр яригдаж байгаа зүйл байхгүй. Ерөнхийлөгчийн түвшинд ч, УИХ-ын түвшинд ч байхгүй, Засгийн газрын түвшинд ч тийм зүйл байхгүй гэж бодож байна. Засгийн газрын дотор юу болж байгааг би мэдэхгүй. Ерөнхийлөгчийн түвшинд бол байхгүй.
-Я.Содбаатар, Ж.Энхбаяр хоёр УИХ-ын ээлжит бус чуулган болж байхад гишүүдтэй уулзаж, “Хэдүүлээ Үндсэн хуульд өөрчлөлт хийх замаар Ерөнхийлөгчийн хугацааг сунгая” гэж ярьсан. Ерөнхийлөгч энэ асуудлыг тэр үед мэдээгүй гэж боддог. Боломжгүй зүйлийг энэ хэд араас нь явж худлаа вакумжуулж улс төр болгосон.
-Ерөнхийлөгчтэй хавар зургадугаар сараас хойш хэд, хэдэн удаа уулзсан. Ерөнхийлөгчтэй харилцаа хэвийн байгаа. Намын дотоод асуудалд оролцохгүй гэдгээ хэлсэн. Та бүхэн дотоод асуудлаа зөрчилгүй, эв түнжинтэй шийдээрэй гээд НҮБ-ын хуралд явсан. Тэр хүнийг вакумжуулдаг, муудалцуулдаг хэдхэн хүн л байгаа.
-Улс төрд хүнээрээ байж, найзалсан найздаа муу хэлүүлэхгүй явахсан гэж боддог юм. Л.Оюун-Эрдэнэтэй найзууд хэвээр. Гэхдээ улс төрийн хүрээнд олон зүйл үүсдэг, санал зөрөх үе ч байна.
-Би өрсөлдөгчийнхөө талаар үг хэлэхгүй. Г.Занданшатар дарга бол сайн хүн. Ерөнхий сайдтай уулзсан ч надад хүлээн авах боломжгүй санал хэлсэн. Хоёр даргатай болъё гэдэг. Би тийм зүйл байхгүй гээд хүлээж аваагүй.
-Ерөнхий сайдыг сонгоход Бага хурлын гишүүдэд олон төрлийн хөндлөнгийн дарамт үзүүлсэн. Гишүүдийг зурсан, дугуйлснаа харуулахыг шаардаж, дарамталж байж санал хураалт болсон шүү дээ.
-МАН-ын Бага хурлаар намын даргын асуудлаа эцэслэх ёстой гэдэгт санал нэг байгаа. Учир нь энэ намын асуудал улсын зовлон болж болохгүй. Төсвөө баталж, өвөлдөө бэлтгэж, эрүүл мэндийн асуудалдаа анхаарч улс орноо удирдах ёстой. Их хурал руу хойшлуулах юм бол энэ хэрүүл тэмцэл эцэстээ юунд хүргэх вэ.
-МАН-ын бага хурлыг нээлттэй явуулах ёстой. Дараагийн сонгуулиар ялагдана гэж айж байгаа намын гишүүдийнхээ төлөө би МАН-ын даргад өрсөлдөнө.
Нүүрсний гэрээг яагаад ил гаргаж ирэхгүй байгаа юм бэ. Тэрийг ил болгох ёстой. УИХ дээр зөвхөн хэлэлцээр хийгддэг. Нүүрсний үнийг УИХ-д танилцуулаагүй
-Засгийн газар дийлэнх хуулийн төслийг санаачилдаг. Тиймээс сая Хууль тогтоомжийн тухай хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүний хууль санаачлах бүрэн эрхийг өргөжүүллээ. Яагаад гэвэл УИХ-ын гишүүн иргэдийг төлөөлж сонгогдсон хүмүүс. Парламентын дархлааг хамгаалах ёстой.
-Татварын багц хуулийн өөрчлөлтийг би хувьдаа эсэргүүцэж байгаа. Тийм өнгөцхөн өөрчлөлт хийгээд өнгөрч болохгүй. Нийгмийн даатгал дээр нэг шийдвэр гаргаад л хуримтлалын сан үүсгэх боломжгүй. Тиймээс төвлөрсөн, хуримтлалын гэсэн хосолмол сан бий болгох ёстой Баялгийн санг арвижуулах, ард түмэн ашиг хүртэх бодлогыг тууштай дэмжинэ. Нөгөө талд хувийн хэвшлийг дэмжиж ажиллах болно.