ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Мөнхбаясгалан: Сэтгүүлчийг хорих эсэхээ МАН-ын дарга нар яриад суудаг юм байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2 өдрийн өмнө

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Би нэгдсэн хуралдаан дээр үг хэлсэн байсан. Ерөнхийлөгчийн тавьсан хоригтой холбоотой үг хэлэх байсан. гэтэл үг эхлэнгүүт миний микрофоныг хаачихлаа. МАН нь төрийн эрхийг барьж байна, сүүлийн есөн жилд засаглаж байна. Ер нь 1990 оноос хойш ихэвчлэн засаглаж байсан энэ нам улс төрийн институци болоогүй юм байна.

Сандал суудлын асуудал болохоор нэгнээ хорьдог, АТГ-т нэр гаргаж өгдөг юм байна. Хуульзүйн сайдаар ажиллаж байсан хүн нь тухайн үедээ шалгах ёстой байсан хэргээ намын даргын асуудлаар гаргаж ирлээ. Энэ бол эс үйлдэхүй.

Тухайн үед Ш.Раднаасэд яагаад асуудлыг шалгуулаагүй юм. УИХ-ын дарга бас баахан гэмт хэрэг ярилаа. Яагаад шалгуулаагүй юм. сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг та бүхэн мэднэ. Нэг сэтгүүлчийг хорих эсэхээ МАН-ын дарга нар яриад сууж байдаг юм байна.

Тэгээд шүүхэд захиалга өгөөд тэрийгээ дараа нь нэгнийхээ эсрэг ашигладаг юм байна. өшөө олон хэрэг байгаа гэсэн үг. Энийг улс төрийн институци гэж болохгүй. УИХ-ын даргад эрх нь байна. Хянан шалгах түр хороо байгуулах хэрэгтэй. Бид шалгаад өгье. Эс тэгвээс УИХ тарах ёстой.

Хууль биш хүн засагладаг гэдгийг гаргаад ирлээ. Гэмт хэрэгтнүүдийн үүр уурхай болсон намаар бид удирдуулж байжээ. Та нар хараарай. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой 50-аас дээш насныханд бүгдэд нь хэрэг үүсгээд эхнээс нь Их хурал руу оруулна гээд дуулиан шуугиан болж байна. Надад барьж хорих 20 хүний нэр гаргасан гэдэг аймшигтай санагдсан. 1937 он буцаад сэргэх гэж байгаа юм уу. Ямар аймшигтай юм дуулдаад байна вэ" хэмээлээ.