МАН-ын даргын сонгуультай холбогдуулан АН-аас мэдэгдэл гаргав. Тус мэдэгдэлд "УИХ-ын сүүлийн гурван удаагийн ээлжит сонгуулийн үр дүнгээр олонхын суудал авч, арван жил дараалан засаглаж буй эрх баригч МАН-ын даргын дотоод сонгуулиас үүдэн улс төр, нийгмийн тогтвортой байдалд ноцтой заналхийлэл бий болоод байна.
Тус намаас төрийн өндөр албан тушаалд нэр дэвшүүлж томилогдсон хүмүүс хууль, шударга ёсыг үгүйсгэсэн, ардчилсан тогтолцоонд харш үйлдэл, мэдэгдэл хийж, Монгол Улсад хууль хэрэгжиж байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж буй нь олон нийтийн дунд түгшүүр үүсгэж байна.
Хууль сахиулах байгууллагууд шударга ёсыг сахиулах үндсэн үүргээсээ хазайж, улстөрчдийн нөлөөлөлд автсан гэх хардлага газар авч, төрийн эрх мэдэлд хууль бусаар халдах шинжтэй үйлдэл илэрч байгаа нь ардчилсан тогтолцоонд итгэх итгэлийг ганхуулан, нийгмийн дэг журамд ноцтой эрсдэл учрууллаа.
Ардчилсан нам эрх бүхий албан тушаалтнуудад эрх зүйт ёсны зарчим, Үндсэн хууль болон ардчилсан тогтолцооны эсрэг аливаа үйл ажиллагааг нэн даруй зогсоохыг мэдэгдэж байна. Мөн МАН-ын дотоод сонгуулийн зөрчлөөс үүдэлтэй хууль, шударга ёстой холбоотой асуудлыг хууль сахиулах байгууллагууд шуурхай шалгаж, олон нийтэд ил тод мэдээлэхийг шаардаж байна.
Ардчилсан нам парламентат ёсны дархлаа, эрх зүйт төрийн зарчмыг хамгаалан, ардчиллыг бэхжүүлж, засаглалын тэнцвэртэй байдлыг хангах чиглэлээр хууль тогтоомжийн төсөл боловсруулан хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллах болно. Улс төрийн намын дотоод асуудал Монголын төрийн асуудал болох ёсгүй гэдгийг мэдэгдэж байна" гэжээ.