УИХ-ын гишүүн Б.Баярбаатар намын даргын сонгуультай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, “Гэм буруутай эсэх нь тогтоогдох хүртэл хэнийг ч гэм буруутай гэж үзэж болохгүй. Мөн буруутай, болзошгүй, бодож байна гэдэг байдлаар ярих нь утгагүй. Нийгэмд буруу ойлголт өгсний дараа өөртэй нь ярихаар “Би яг тэгж хэлээгүй. Хардаж хэлсэн шүү дээ” гээд өөрийгөө аваад гарчихдаг.
Хүн ер нь сандал суудлын төлөө зөрчилдөнө гэдэг эрүүл бус юм. Бодлогын зөрчил бол эрүүл юм. асуудлаа энэ дээр л ярих ёстой юм шүү дээ. Парламентад аль ч улс төрийн нам сонгогдсон байлаа гээд нэр цохож нэгнээ буруутгаж болохгүй ээ.
Өт хүртэл биед нь хүрэхээр арвалзана биз дээ. Хэвлэл мэдээллээр нэгнээ гэм буруутай гээд ярьчихвал бүгд буруутай болно. Хувь улстөрчийн байр суурийг илэрхийлэх нь нээлттэй ч хэн нэгний даалгавар биелүүлж явах нь буруу.
Маргаашийн Бага хурал дүрэм журмын хүрээнд, хуулийн хүрээнд яваасай. Намынхаа байран дээр намынхаа болж байгаа болохгүй байгааг сайхан ярилцаад нэг л дарга сонгогдоосой. Хоёр даргатай байна гэж огт байхгүй ээ. Хоёр даргыгаа дагаад хоёр хуваагдсан нь дээр байлгүй дээ. Ийм зүйлийг бодож сэтгэж ярина гэдэг өөрөө маш буруу юм шүү.
Юунд хоргодож, яагаад ингээд байгаа нь ойлгомжгүй юм аа. Ерөнхийлөгчийг би ийм асуудалд хутгалдаад явдаг гэж итгэхгүй байгаа. Тэр хүн намын даргаар ажиллаж, өнөөдрийн энэ тогтолцоо, зарчмын төлөө ажиллаж явсан. Өчигдөр тэр нэр дурдагдсан хүмүүс буруу зөрүү ойлголт өгч байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ би хажууд нь байгаагүй учраас нотолсон мэт ярих нь буруу юм.
Хурлаа хийгээд нээлттэй асуудлаа ярь. Хэвлэлд нээлттэй болоосой гэж бодож байна. Эргээд уулзах нүүргүй болтлоо нэгнээ дайрч доромжиллоо. Ш.Раднаасэд дарга ч гэсэн утга учиргүй юм яриад сууж байна. Би энэ хүнтэй олон жил хамт нэг намд явлаа. Асуудлыг мэдэж л байгаа. Хэвлэл мэдээллээр кино, үлгэр ярьж суухаа больцгоо.
Буруу зөрүү ойлголтоо ярилцаад, намын хурлаа хийгээд өндөрлөцгөөе. АТГ-ын мэдэгдлийг харлаа. Бид тэгээгүй л гэчихэж. Би бол ийм зүйлийн талаар мэдээлэл сонссоноос биш нүдээр хараагүй. Гэхдээ АТГ даргын сунгаа, сонгуультай болохоор хөдөлгөөнд ордгоо боль. Өмнө нь яригдаж байсан зүйлийг тэр үедээ шийдээд явж сурмаар байна” хэмээн байр сууриа илэрхийлжээ.