ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Намынхаа хагарал, зөрчлийн талаар Бага хурлын гишүүд юу ярив

O.Admin
1 өдрийн өмнө

МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Тусгаар тогтнолын ордонд түр завсарлаад эргээд үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Бага хурлын 49 гишүүнийг чөлөөлөх юм. Тодруулбал төрийн жинхэнэ албанд томилогдсон, өөрийн хүсэлтээр, бусад шалтгаанаар төлөөлөгчид бичгээр хүсэлт гарган чөлөөлөгдөх хүсэлт өгсөн билээ.

Чөлөөлөгдөж буй Бага хурлын төлөөлөгчдийн оронд нийт 48 хүнийг шинээр сонгохоор санал хураалтыг одоогоор эхлүүлсэн аж. Хуралд оролцож буй төлөөлөгчид саналаа өгч дууссаны дараа тооллогын комисс дүнг нэгтгэн танилцуулж, Бага хурлын гишүүдийг сонгох тухай тогтоолыг батлах нь ээ. Хуралдааныг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ удирдаж, Дэд даргаар Бага хурлын гишүүн Г.Гангамөрөн ажиллаж байна. Тэгвэл энэ өдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн намын дарга Л.Оюун-Эрдэний ажлаа өгөх хүсэлтийг хэлэлцэж, дараагийн даргыг сонгохоос гадна Их хурлын тов зарлах билээ. Хуралдааны талаар Бага хурлын гишүүд ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэе. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: 2027, 2028 оны сонгуульд ялалт байгуулах чухал. Тэгэхээр ялалтад хүрэхийн тулд тулгарч буй асуудал юу байна гэдгийг шийдэж байж л сонгуульд ялна шүү дээ. Нам эв нэгдэлтэй байх ёстой. Өнөөдрийн хурлаар энэ асуудлаа цэгцлээсэй. Хагарлыг үргэлжлүүлэхгүй цэг тавиасай гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Намын хуваагдлыг нийгмийн сүлжээнээс та бүхэн надтай адил харсан биз. Энэ хуваагдал хэнийгээ илүү сайн харлуулах вэ гэдэгт чиглэж байгаа. Эсрэгээрээ шийдэл ярьмаар байна. Монгол Улсын хөгжлийн бодлого хаашаа явах юм, МАН энд ямар үүрэгтэй байх юм гэдгээ ярилцах ёстой. УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа тасалдахгүй явж байгаа учраас та бүхэн санаа зовох хэрэггүй. МАН миний төсөөлж байснаас хамаагүй илүү ардчилалтай юм билээ. Залуу гишүүд мэдлэгтэй, чадвартай, хэлэх гэснээ хэлчихдэг нь харагдсан. Ирээдүйтэй нам гэж бодож байгаа. Нээлттэй мэтгэлцээд, нээлттэй хурлаа хийгээсэй гэсэн хүлээлт бол бий.

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: Намын эв нэгдлийг хангасан, гишүүдийнхээ дуу хоолой болох хүн байгаасай. Хамгийн чухал нь эв нэгдэл. Гишүүдээ сонсдог хүн байх нь чухал. Хэвлэлээр гарч буй асуудалд би ажиглагчийн байр суурьтай байгаа. Хэн нэгний үгээр, амаар дүгнэлт хийхгүй. Арай ч хууль хяналтын байгууллага тэгтлээ дордоогүй байх. Улстөржсөн өнгө аястай үйл явдал өрнөж байна уу гэж харж байгаа.

Бага хурлын гишүүн О.Одбаяр: Хэвлэлээр явж байгаа мэдээллийг хараад дүгнэж, бодож суулаа. МАН дотор юу болоод байна вэ гэдгийг. Юуны төлөө тэд хоорондоо маргалдаж, юу булаацалдаад байгаа юм бэ. Яагаад намын удирдлагын түвшинд ажиллаж байсан бүх хүмүүс янз бүрийн асуудалтай холбогдож, нэгнээ элдвээр хэлж, хулгайч, гэмт хэрэгтэн гэж цоллох болов. Олон өнцгөөс нь бодож үзлээ.

Төрийг удирдаж буй энэ нам хийгээд тэр хүмүүст ёс зүй гэж байна уу. Улс төрийн карьерийн хамгийн дээд түвшний хэмжүүр нь ёс зүй шүү дээ. Гэтэл тэдэнд байхгүй байна уу гэдэг дан ганц надад бус ард түмэнд ч төрж буй бодол.

Үнэхээр хүлээн зөвшөөрөгдөхгүй болчихсон бол албан тушаалаас буугаад жирийн хүмүүсийнхээ үгийг сонсох нь зөв байх. Хэрэгжиж байгаа бодлого, үйл ажиллагаа нь ард түмэнд таалагдаж байгаа, иргэдийн амьдралд нөлөөлж буй бол ажлаа үргэлжлүүлэх ёстой. Энийг сонсох гэж хуралдаа ирлээ.

УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ: Төрийн алба хашиж байгаа алба хаагч биш учраас надад дарамт шахалт ирсэн зүйл алга. Намын дарга, Ерөнхий сайдад дүн тавих хүмүүс нь ард түмэн. Гэхдээ өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний хувьд гал өрдсөн зүйл байсныг үгүйсгэхгүй. Унасан хүнийг тэгж ингэж ажилласан гэж дүгнэх нь ёсзүйгүй юм. Дараагийн ажиллах хүнд бол захиас хэлнэ.

УИХ-ын гишүүн С.Зулпхар: Намын даргын асуудлыг нууц санал хураалтаар шийднэ. Үүний дагуу гишүүд саналаа өгнө. 2009 онд МАН шинэчлэлийн хөтөлбөр хийж, 2010 онд нэрээ өөрчилж байлаа. Намын институцийг илүү бэхжүүлэх, дотоод ардчиллыг бэхжүүлж байлаа. Түүнээс хойш дотоод ардчиллаа 15 жилийн хугацаанд өргөжүүлж чадлаа. Нам эв нэгдэлтэй байх ёстой. Улс орон маань ч эв нэгдэлтэй байх нь чухал. Дотоод ардчилал дээрээ суурилж чөлөөт өрсөлдөөн өрнөж байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: Шийдэх олон асуудал байгаа учраас намын дарга манлайлах ёстой байх. Юманд хэмжээ хязгаар гэж байх нь чухал. Эргээд эвлэх орон зай үлдээх, зохих хууль хяналтын байгууллагаар асуудлаа ярих ёстой. Намын үл ойлголцол, үл итгэлцэл нь төр хэврэг байх агуулга руу хөтлөх вий.

Төрийн ачааг үүрч ирсэн намын хувьд асуудлаа ярилцчих болов уу. Ер нь дараагийн намын дарга бол тэтгэвэр тэтгэмж, ард иргэдийн бодит амьдрал, цалин хангамжид анхаарах, энэ бүхнийг базаж чадах л хүн хэрэгтэй. Хулгай зэлгий хийхгүй, төрийн зарчимч хийгээд тогтвортой зангараг, хүсэл эрмэлзэл шаардлагатай юм. Баг хамт олноо нэгтгэж зангидах, ялгаварлалгүйгээр ханддаг байгаасай. Хэрүүл удахаараа сайн зүйл дагуулахгүй учраас асуудлаа энэ өдөр цэгцлэх нь зөв юм.

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар: 50 мянган гишүүнтэй МАХН маань 100 жилийнхээ ой дээр МАН-тай нэгдсэн. Энэ нэгдлээр байгуулсан гэрээг Ерөнхий сайд, намын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар биелүүлээгүй. Биднийг хүлээж авч, уулзалт ч хийгээгүй.

Энэ асуудлаар МАХН-ын гишүүдийн эрх ашгийг хамгаалах хөдөлгөөн байгуулагдаж асуудлыг ярьж эхэлсэн. Намын Бага хуралд оролцох байсан ч намаас хасчихаж. МАНАН бүлэглэл байгуулагдаж хөгжил дэвшлийн бүх салбар дээр авлигачдын сүлжээ бий болсон нь үнэн. Энийг хөндсөний төлөө хавчин гадуурхах зүйл гарсан. Хууль цаас болж, бүлэглэлүүд улс орны эрх ашигт ноцтой хохирол учруулж буй нь үнэн. Нам гэж талцалгүй улс эх орныхоо төлөө зүтгээсэй.

УИХ-ын гишүүн асан О.Содбилэг: Бага хурлын гишүүдийн 3/2-ын саналыг авч байж сонгогдох дүрэмтэй. Ер нь асуудлаа дотроо хэлэлцэх ёстой. Одоогийн байдлаар Д.Амарбаясгалан дарга нэрээ дэвшүүлсэн. Түүнтэй хэн өрсөлдөх нь Бага хурлаас харагдана.

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр: Миний байр суурь маш тодорхой. Намын даргын асуудлыг зайлшгүй шийдье. Өнгөрсөн өдрүүдэд юу болов гэдгийг ард түмэн хийгээд хэвлэл мэдээллийнхэн та бүхэн ч харлаа. Хэнийг дэмжиж байгаагаа хэлэх боломж алга. Санал хураалт бол нууцаар явагдана. Ерөнхийлөгчийн өмнөөс би байр суурь илэрхийлэх боломжгүй.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Ардын нам хэн нэгний өмч биш. 1921 онд байгуулагдахдаа ард түмний эрх ашиг хийгээд улс орны тусгаар тогтнолын үнэ цэнээр байгуулагдсан. Тиймээс ард түмний эрх ашиг нэн тэргүүнд байх ёстой. Хэн нэгний эрх ашиг гэхээс илүү зарчим дээр тулгуурлаж шийдвэрээ гаргах ёстой.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Бага хурлын гишүүдэд дарамт ирсэн гэх зүйл мэдэгдсэнгүй. Надад лав ирсэнгүй. Ер нь гол асуудал нь өрсөлдөөн шүү дээ. Олон мянган гишүүнтэй нам нэг хүнийг дэмжихээр ярсхийтэл гараа өргөдөг байж болохгүЙ. Бохир технологи ч байж болохгүй. Заавал нэг хүн дарга болох ёстой юм шиг өрсөлдөгчдийг нь намнаж болохгүй гэсэн үг. Хууль хяналтын байгууллага дээр яригдах ёстой зүйлийг гудамжинд гаргаж ирээд л намын дотоод асуудал руу оруулж ирээд байгааг үнэхээр ойлгохгүй байгаа юм. Нэгнээ намнадаг энэ асуудал бүр соёл боллоо. Хувь хүмүүсийн асуудал нь МАН-ын нийт гишүүдийн шийтгэл болж болохгүй. Асуудал байгаа бол хууль хяналтын байгууллагад өгөөд явах ёстой юм. Намын гишүүд хүртэл энэ бүхэн дунд төөрч байна.

Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэл: Дотоод уур амьсгал зүгээр байна. Манайхан нэгнээ харахаар инээж, хөхрөөд л уулздаг. бүр болохоо больчихсон юм алга. 5-6 хүн сайхан өрсөлдөөд, дотоод ардчиллаа харуулаад мэтгэлцээд, яриад яваасай гэж хүсэж байгаа. Заалнаас нэр дэвших эрх нь нээлттэй байх оо. Одоо Бага хурлын гишүүдийнхээ орон гарах асуудлыг ярилцаж байна.