ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ө.Золбаяр: Дарангуйлал тогтооно гэдэг боломжтой зүйл биш

O.Admin
1 өдрийн өмнө

Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр Ерөнхийлөгч намын дотоод асуудалд оролцож байгаа юу гэх асуудалд тайлбар хийлээ. Мөн намын Бага хурлаар намын дарга сонгох эсэх талаар асуудалд тайлбар өгөхдөө,

“Нам аль болох эв нэгдэлтэй л байх ёстой. Нээлтэй, хаалттайн тухай асуудлыг Бага хурлын гишүүд шийдэх байх. Нэр дэвшигч хоёулаа төрийн өндөр албан тушаалтан. Төрийн өндөрлөгүүд хоорондоо зөрчилдөж байгаа мэт контент цацах нь буруу. Аливаа нэг зүйлд эргэлзэж байгаа бол зарчмаа барь гэдэг үг бий. МАН бол дүрэмтэй нам. Намын дарга Ерөнхий сайд байна гэдэг заалт бий. Их хурлын дарга намын дарга байна гэх заалт бол байхгүй. Парламентын засаглалтай улс оронд Ерөнхий сайд хүн намын дарга байдаг. Тэр зарчмаараа л явах болов уу.

Өнгөрсөн зургадугаар сард МАН-ын Бага хурлын 3/2-ын саналаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилсон. Энэ нь дефакто шийдвэр гарсан гэсэн үг. МАН аливаа зүйлд голчтой, нуруутай, дүнтэй төв байр суурийг гаргадаг. Энэ удаа ч тэгэх байх. “Ерөнхийлөгчийн засаглалтай болгоё, дарангуйлал тогтооё” гэж яриад байгаа, хүсээд байгаа юм огтхон ч байхгүй.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан дээр тов, тодорхой илэрхийлсэн.Тэр байр суурь хэвээрээ байгаа. Ер нь Монгол Улсад дарангуйлал тогтоогоод явах бололцоо, боломж муу. Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь байж байна. Чөлөөтэй, нээлттэй хэвлэл мэдээлэл бий. Энэ тохиолдолд дарангуйлал тогтоно гэдэг тийм боломжтой зүйл биш. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ч тийм байр суурийг илэрхийлж байгаагүй. Тийм бодол байхгүй” гэв.