МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлаа өгнө гэж мэдэгдсэнээр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон Ерөнхий сайд Г.Занданшатар нар нэр дэвшихээ мэдэгдэв. Тэгвэл хоёр нэр дэвшигч ирэх өдрүүдэд хийх ажил болон энэ намыг хэрхэн удирдах вэ гэсэн итгэл үнэмшлийнхээ талаар Бага хурлын гишүүдэд танилцуулга хийжээ. Тэдний байр суурийг хүргэе.
Нэр дэвшигч Д.Амарбаясгалан:
-Би улс төрийн карьераа бодоод хулчийж суудаг хүн биш. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар найман жил ажиллаж, намаа бодлогын судалгаатай, нээлттэй, дэвшилтэт, цахим болгож, гурав дараалсан ялалт авчирсан.
Намын гишүүдийнхээ итгэлийг алдахгүйн төлөө, хэнийг ч ялгалгүй бүх хүчээ дайчилж ажилласан. Би дарга болох гэж зүтгээд байдаггүй. Өнгөрсөн хугацаанд надад нэр дэвших боломж зөндөө байсан ч намаа илүү институцийн түвшинд хүргэхэд анхаарч ажиллаж ирсэн. Баруун бүсдээ ч өөрийгөө сурталчлахаас илүү намын бодлогоо ярьж УИХ-д сонгогдсон.
Би асуудалтай хүн байсан бол тэр олон хэвлэлийг дуудаад 79 асуултанд хариулаад суухгүй байсан байх. МАН-ын даргаар сонгогдвол тинк танкийг хөгжүүлж дараагийн сонгуульд ялалтанд хүргэнэ. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдвал дараа дараагийн сонгуулийг бид хэцүүхэн давна. Надад туршлага, стратеги байна. Намаа хуучин арга, хандлагаас салгаж, шинэ түвшинд гаргана. Танил найз нөхдөө албан тушаалд томилдог байдлыг халахаас ажлаа эхэлнэ
Нэр дэвшигч Г.Занданшатар:
-МАН-ын дарга ёс зүйтэй байх ёстой. Би баялгийн ямар ч хулгайтай холбогдоогүй. Миний орлого, зарлага тодорхой. Би ном уншиж явснаас өөр юмтай холбогдож явсангүй.
Би ахмадууд, залуучууд аль алинтай нь уулзсан. Тэд Засгийн газар тогтвортой байхыг хүсэж байна. МАН-ын даргын ёс зүйн босго намсах ёсгүй. МАН-ын дарга болвол намаа эрс шинэчилнэ. Цэвэр болгоно.