МАН-ын Бага хурал өчигдрөөс эхлэн шөнөжин хуралдаж, намын даргаараа Д.Амарбаясгаланг сонголоо.
МАН-ын Бага хурлын VIII хуралдааны эхэнд Тооллогын комисс санал хураалтын журмаа баталсан юм. Ингэхдээ нэр дэвшигчдийн авсан санал гуравны хоёрт хүрэхгүй бол хамгийн олон санал авсан хүний нэрийг хоёр дахь шатны санал хураалтад оруулахаар тогтсон юм.
Эхний санал хураалтад нэр дэвшигч Д.Амарбаясгалан 58 хувийн санал авсан бол Г.Занданшатар 14.3 хувийн санал авсан байдаг. Ийнхүү хоёр дахь шатны санал хураалтыг явуулах гэсэн боловч нэр дэвшигч Г.Занданшатар бойкот хийж, өөрийг нь дэмжсэн хүмүүсийг дараачийн шатны санал хураалтад оролцуулахгүйгээр хуралдаанаас явуулсан байна.
Ингээд тухайн хүмүүс нэгэнт санал хураалтад оролцохооргүй явсан тул Бага хурлын гишүүдийн ирцийг дахин бүртгэхэд 321 гишүүн санал хураалтад оролцоод 85.67 хувийн саналаар Д.Амарбаясгаланг ялалт байгуулж, МАН-ын даргаар сонгогдлоо.