МАН-ын VIII Бага хуралдааны талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ болон Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар, Тооллогын комиссын дарга Ж.Алдаржавхлан, Нарийн бичгийн дарга Ж.Гангамөрөн нар мэдээлэл хийлээ. Өчигдрөөс эхлэн хуралдсан хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцжээ.
1.МАН-ын бага хурлын гишүүдийг чөлөөлөх, сонгох
2.МАН-ын даргыг сонгох
3.МАН-ын даргыг чөлөөлөх тогтоол
4.МАН-ын XXXI Их хурлын тов, оролцох гишүүдийг сонгох журмыг хэлэлцлээ.
Бага хурлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ “Бага хурлын гишүүнээс төрийн алба бусад шалтгаантай 49 гишүүнийг чөлөөлсөн. Дүрмийн дагуу МАН-ын шат шатны дарга нарыг бага хурлын гишүүнээр сонгодог жишгээр нөхөн сонгосон. Хоёрт, МАН-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Намын даргад Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарын бага хурлын гишүүд өрсөлдсөн.
Санал тоолоход УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 56 хувь, Ерөнхий сайд Г.Занданшатар 44 хувийн санал тус тус авсан. Санал хураалт явуулахаас өмнө нэр дэвшигчдийн хэн нь ч гуравны хоёрын санал авч чадаагүй нөхцөлд дахин санал хураалт явуулах журмыг Бага хурлын гишүүд баталсан.
Дахин санал хураалтаар Бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нийт 321 гишүүнээс 275 гишүүн буюу 85.7 хувийн санал авч, МАН-ын даргаар сонголоо. Бид Улс төрийн намын тухай хуулийг үндэслээд МАН-ын дүрмийг баталсан.
Хурлын дэг бусад хэлэлцэх асуудал дүрмийн дагуу болсон. Хуралдааны бүх үйл явц дүрэм журмын дагуу, хэлэлцэх асуудал тус бүрийг бага хурлын гишүүдээрээ шийдвэрлэсэн учраас Дээд шүүхэд маргаан гарахгүй гэж үзэж байна. МАН-ын XXXI Их хурлыг ирэх арваннэгдүгээр сарын 15-16-ны өдөр хуралдах товыг зарласан. Их хуралд нийт 2255 гишүүн оролцохоор байна” гэв.