ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

П.Наранбаяр: Багш нар улс төрийн зорилготой ажил хаялт хийх гэж байна

O.Admin
7 цагийн өмнө

Аравдугаар сарын 15-наас эхлэн ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдэж, цалинг 3.5 саяд хүргэж чадахгүй байгаа асуудлаар жагсаж буй багш нарын асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өгөв. Тэрбээр, 

"Бид тавьж буй үндсэн шаардлагуудыг нь та бүхэнд хэлье. Аравдугаар сарын 09-ний өдөр бидэнд хандаад “Багш нар ажил хаяна. Багш нарын цалинг 3.5 сая хүргэ” гэсэн. Өмнөх өдөр нь Ерөнхий сайд, Сангийн сайд нартай ажил хаяж буй багш нарын төлөөлөл болон үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл уулзсан.

Засгийн газар цалин нэмэхийг бол дэмжсэн. Бид төсөвт суулгасан 100 тэрбумаас гадна нэгдүгээр сард үндсэн цалинг 1.8 сая буюу одоо байгаагаас 25 хувиар нэмэгдүүлье гэдэг санал хэлсэн. Мөн долдугаар сараас эхлээд төсвийн орлого нэмэгдвэл 2.5 сая, цаашлаад 3.5 сая хүргэх үйл ажиллагааг гурван жилийн хугацаанд үе шаттай хийе гэж санал тавьсан. Харамсалтай нь Үйлдвэрчний эвлэл энэ саналыг хүлээн авахаас татгалзаж, ажил хаях мэдэгдэл маргааш нь ирүүлсэн нь туйлын харамсалтай.

Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг огт харгалзаагүй, улс төр хийж байна гэж харахаас өөр ямар ч арга алга. Үйлдвэрчний эвлэлийг энэхүү шаардлагаа дахин харж үзээч гэдэг хүсэлт тавиад байгаа юм. Аравдугаар сарын 15-наас шууд ажил хаяна гэж байгаа нь хууль зөрчсөн. Хөдөлмөрийн арбитр байгуулахгүй бол хууль бус ажил хаялт болдог.

Гэтэл арбитр байгуулсан шийдвэр нь дөнгөж өчигдөр ирлээ. Хөдөлмөрийн арбитр явах хугацаанд ажил хаялт хийвэл хариуцлагаа үйлдвэрчний эвлэл хүлээх ёстой. Ажил хаялт явснаар хүүхдийн аюулгүй байдал яах юм. Сурлагын хоцрогдол яах юм. Энэ асуудлууд хурцаар тавигдана.Ажил хаялт руу явах юм бол боловсролын түүхэнд хар мөр үлдэнэ шүү" гэлээ.