ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Цогтгэрэл: УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг хоёуланг нь огцруулах ёстой

O.Admin
3 цагийн өмнө

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, цаг үеийн асуудлаар байр сууриа нэгтгэжээ. Тодруулбал, АН-ын бүлгийн хурлаар Ерөнхий сайд болон Улсын Их Хурлын даргыг огцруулах асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар дараалууллан хэлэлцэж, аль алийг нь огцруулах шийдвэр гаргажээ. Энэ шийдвэр нь бүлгийн дүрэмд заасан гурван одтой буюу бүх гишүүд заавал дагаж мөрдөх шийдвэр юм байна.

Энэ талаар бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийхдээ “Манай намын бүлэг УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын асуудлыг цугт нь хэлэлцэх ёстой гэдэг байр суурь дээр байгаа. Бүлгийн хуралдаанд 34 гишүүн оролцож, 100 хувийн саналаар шийдвэр гаргасан. Хоёр заалттай. “Тогтворгүй байдлын үр дагаврыг санаатайгаар бий болгосон МАН бүрэн хариуцлага хүлээхийг сануулсугай” гэсэн шийдвэрийг мөн гаргаж байна.

УИХ-ын даргын зөвлөлд би АН-ын шийдвэрийг танилцуулна. Тов дараалалд хоёуланг нь оруулж өгнө үү гэдэг хүсэлт тавина. Асуудлыг бүлгийн гишүү бүрэн дүүрэн дагах ёстой гэсэн үг. Хэрвээ бүрэн дүүрэн дагахгүй бол улс төрийн хариуцлага гишүүдэд яригдана. Цаашлаад улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх тухай ч яригдана. Ерөнхий сайдыг өмөөрч байвал бүлгээс ийм шийдвэр гарахгүй.

Улс төрийн жижиг явган хардлагаа орхих хэрэгтэй. АН зарчмын талд зогсож чаддаг. Би лав өнгөрсөн хугацаанд улс төрд орсноос хойш зарчмын бус талд, холбоо сүлбээнд оролцоогүй ээ. Хар шар постероо та бүхэн болиорой. Эмч багш нарын асуудлаар бид байр сууриа илэрхийлсэн.

Төсвөө буцаан татаж буцааж өргөн бариач гэдгийг хэлсэн. Сайжруулаад цалин тэтгэврийн асуудлаа шийд гэж хэлсэн. Эдгээрийг шийдэж байна гээд мөнгө нэмэх бус үр ашиггүй зардлаа тана гэдэг шаардлага тавьж байгаа. АН Монгол Улсын талд, Үндсэн хуульт парламентын засаглалын талд байгаагаа илэрхийлж Үндсэн хуулийн хямрал руу хөтөлж байгаа үйлдлийг дэмжихгүй. Хоёр асуудал зэрэг ороод ирвэл бид цаг хугацаандаа хуралдаа суугаад ирцэндээ ороод явна” гэв.