ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Амарбаясгалан: Г.Занданшатарт хандаж хэлэхэд хоёулаа хамтдаа огцорцгооё

O.Admin
4 цагийн өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр УИХ-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр түүний хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, улмаар 100 хувийн саналаар өргөдлийг нь хүлээж авлаа. Үүний дараа УИХ-ын дарга сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Ардчилал эрх чөлөөг хамгаалахын төлөө би МАН-ын даргад өрсөлдсөн. Ямар том эрх ашгийг сөрсөн бэ гэдэг нь сүүлийн хэдэн өдөр өрнөж буй үйл явдлаас тодхон харагдаж байгаа байх аа. Энэ бүхний цаана парламентын засаглал, төрийн институцийг тогтворгүй болгох ард түмний итгэлийг сулруулж, ардчиллыг үгүй хийж, дарангуйллын хар сүүдэр бий болгох зорилготой байгаа нь өдрөөс өдөрт ил болж байна.

Намын даргын сунгаанд ялагдсан Г.Занданшатар болон бусад нөхөд маань намын Бага хурлын гишүүдийн гаргасан шийдвэрийг үгүйсгэж, одоо эрээ цээргүйгээр УИХ-ын тухай хуулийг зөрчихийн зэрэгцээ, гадны сайтад төлбөр төлж мэдээлэл өгөөд түүнийгээ үнэн мэтээр ярьж байлаа. Төр засагт ажиллаж буй хэнийг ч итгэх боломжгүй болтол нь хараар будаж, Монгол Улсын тусгаар тогтнол алдагдах эрсдэлд хүргэлээ. Засгийн газар нь парламентынхаа дээр гарчээ. Бидний бүтээсэн ардчилсан парламент цөөхөн хүний эрх ашгаас болж сорилтод орох хүртлээ хэврэг болов. Намайг парламентын даргын суудалдаа шигдэж, шалгуулахгүй байгаа мэтээр ташаа мэдээлэл ч түгэж байна. Хийсэн хэрэг, шалгуулсан асуудал надад байхгүй. Энэ цаг үед бүрэн итгэлтэйгээр өөрийн хүсэлтээр УИХ-ын даргын ажлаа өгч байна.

Би хүчин мөхөсдөж бууж өгч байгаа юм биш. Ажлаа өгөөд илүү хүчтэй, тууштайгаар тэмцэх болно. Төрийг гацаанаас гаргахын тулд би өргөдлөө өгч байна. Бүрэн итгэлтэйгээр шалгуулах болно. Өнгөрсөн өдрүүдэд асар их мөнгө, эрх мэдлийн эсрэг тэмцлээ.

Би ямар нэгэн хэрэгт холбогдож, шалгагдаагүй. Ерөнхий сайд Г.Занданшатарт хандаж хэлэхэд монгол төрийн үйл ажиллагааг саадгүй хэвийн үргэлжлүүлэхийн тулд хоёулаа хамт огцрох нь зүйтэй гэж үзэж байна. Хамтдаа огцроод намын асуудлаа нам дээрээ шийдэцгээе.

Хүн биш хууль засагладаг байх эрхзүйт төрийн төлөө гаргаж байгаа шийдвэр юм шүү. Би Ерөнхий сайдтай тохиролцоогүй. Тийм амархан үйл явц байж болохгүй. Парламентын түвшинд олонхийн саналаар асуудлаа шийддэг ардчилсан зарчмаа хадгалж явах ёстой. АН-ын бүлэг хуралдаж бүх гишүүд нь УИХ-ын дарга болон Ерөнхий сайдыг огцруулах хатуу байр суурьтай байсан нь миний шийдвэрт нөлөөлсөн.

Энэ бол АН-ын хувьд маш зөв шийдвэр. 126 гишүүнтэй парламент өөрөө амьтай байж, асуудлаа шийддэг байх ёстой. Засгийн газарт хариуцлага тооцох ажлаа хийх ёстой ч олон гишүүдийг гадагшаа явуулж, хууль хяналтын байгууллагаар дарамтлуулж, Засгийн газар парламентынхаа дээр гарч ирлээ. Улс төрийн дарангуйлалд парламентыг автуулахгүй” гэв.